17/09/2026
📌Тоглолтын дундуур гэнэт сэтгэл хөдлөлөө хянах чадвараа алдах энэхүү үзэгдлийг ихэвчлэн “Tilting” эсвэл Сэтгэл хөдлөлийн зохицуулалт алдагдах гэж тодорхойлдог.
Энэхүү үзэгдэл нь тамирчны гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх нь элбэг. Жишээ нь:
1. Өдөөгч хүчин зүйлсээс шалтгаалсан:
Шүүгчийн шударга бус шийдвэр, гүйцэтгэлээ өөрийн хүссэн хэмжээнд гаргаж чадахгүй байх, өрсөлдөгчийн өдөөн хатгасан үйлдэл, үг хэлд хэт анхаарах гэх мэтээс шалтгаалан гэнэтийн уур бухимдал үүсч тамирчид сэтгэл хөдлөлийн зохицуулалтаа алддаг.
2. Танин мэдэхүйд гарах өөрчлөлт
Сэтгэл хөдлөл огцом ихэссэнээр тамирчны анхаарал сарниж, зөвхөн тухайн уурлуулсан хүчин зүйлдээ хэт төвлөрдөг. Ингэснээр оновчтой шийдвэр гаргах, тоглолтонд анхаарлаа хандуулах чадвар мууддаг.
3. Физиологийн хариу үйлдэл
Уур бухимдлын үед мэдрэлийн систем хэт идэвхжиж, зүрхний цохилт хурдсах, булчин чангарах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд энэ нь нарийн ур чадвар шаардсан хөдөлгөөн хийхэд саад учруулдаг.
4. Зан үйлд гарах өөрчлөлт
Уураа хянаж чадахгүй болсноор маш бодлогогүй, түргэн үйлдэл хийх, шаардлагагүй алдаа гаргах зэргээр тоглолтын хэмнэлээ бүрэн алдаж эхэлдэг.
📌Зөвлөмж
Энэхүү үйл явц нь тамирчны гүйцэтгэл, багын амжилт, уур амьсгалд ихээхэн сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та тэмцээний үед “ТИЛТ”-нд орвол дараах зөвлөгөөг хэрэгжүүлэхийг санал болгож байна.
1. Амьсгалын дасгал.
Уур бухимдал төрөх агшинд 4 секунд хамраараа гүнзгий амьсгаа ав, 4 секунд түгжин, 4 секундэд амаараа алгуур гарга. Энэ нь зүрхний цохилтыг хурдан бууруулж, бие махбодыг тайвшруулдаг.
2. Нөхцөл байдлыг ухамсарлах
Аль хэдийн болоод өнгөрсөн алдаа эсвэл шүүгчийн шийдвэрийг бодож сатаарахаас сэргийлж, хийх ёстой дараагийн үйлдэлдээ анхаарлаа төвлөрүүл. Өөртөө “Хамгаал!” гэх мэт богино, тодорхой зааварчилгааг хэлэх нь тархийг хэт сэтгэл хөдлөлд автахаас сэргийлж болно.
🔗Эх сурвалж:
Eysenck, M. W., Derakshan, N., Santos, R., & Calvo, M. G. (2007). Anxiety and cognitive performance: Attentional control theory. Emotion, 7(2), 336–353. https://doi.org/10.1037/1528-3542.7.2.336
Hanin, Y. L. (Ed.). (2000). Emotions in sport. Human Kinetics.
Lazarus, R. S. (2000). How emotions influence performance in competitive sports. The Sport Psychologist, 14(3), 229–252. https://doi.org/10.1123/tsp.14.3.229