23/07/2026
✅Давсгийн хорт хавдрын шинж тэмдэг болон оношлох арга
Давсгийн хорт хавдартай үед хамгийн ихээр илэрдэг шинж тэмдэг бол цусаар шээх юм. Ихэвчлэн нүдэнд харагдах хэмжээний цус шээсэнд илрэх ч зарим тохиолдолд нүдэнд харагдахгүй зөвхөн бичил дурангаар шалгагдах тохиолдол байдаг. Мөн ойр ойрхон шээх, шөнө олон удаа босож шээх зэрэг давсагтай хамааралтай шинж тэмдгүүд илэрдэг. Гэвч эдгээр шинж тэмдгүүд нь давсгийн үрэвсэлтэй үед ч илрэх тул ялгахад хэцүү. Тиймээс давсгийн үрэвслийн эмчилгээ хийлгээд дээрдэхгүй байгаа бол хорт хавдар байх магадлалтай тул эмчид хандан нарийн шинжилгээ өгөх хэрэгтэй.
Хорт хавдар илүү хүндэрсэн тохиолдолд турах, яс янгинах, бөөр усжих зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд хаана үсэрхийлснээсээ хамаарч өөр өөр шинж тэмдэг илэрнэ.
✅Өвчний шалтгаан
Давсгийн хорт хавдар үүсэх хамгийн гол шалтгаан нь тамхи байна. Давсгийн хорт хавдартай эрэгтэй өвчтөний 50% , эмэгтэй өвчтөний 31% нь тамхи татсантай холбоотой байдаг. Учир нь тамхи татсанаар хүний биед орж ирсэн хорт бодис шээсээр гадагшлах үед давсагт удаан хуримтлагдан улмаар хорт хавдар үүсгэдэг. Тамхи татдаг хүнийг татдаггүй хүнтэй харьцуулахад хорт хавдар үүсэх магадлал 4 дахин их бөгөөд их татах тусам, удаан татах тусам хорт хавдар үүсэх магадлал ихэс ч татахаа больсноор хорт хавдар үүсэх магадлал багасна. Тамхи татахаас гадна будаг, химийн бодис зэрэгт өртөх нь хорт хавдар үүсэх шалтгаан болдог бөгөөд давсгийн чулуу болон давсгийн үрэвсэл олон дахин сэдэрч үүссэний улмаас хорт хавдар үүсэх магадлал өснө.
✅Давсгийн хорт хавдрыг оношлох шинжилгээ
Хамгийн эхэнд шээсний шинжилгээ, шээсний эсийн шинжилгээ өгнө. Энгийн шээсний шинжилгээгээр цус илэрсэн эсэх, шээсний замын халдварт өвчин зэргийг шалгана. Давсгийн хорт хавдартай бол ихэвчлэн цустай шээх бөгөөд мөн шээсний замын халдварын өвчин хавсарсан байх тохиолдол их байна.
Шээсний эсийн шинжилгээгээр шээсэнд хорт хавдрын эс байгаа эсэхийг шалгаж оношилно. Давсгийн дурангийн шинжилгээний явцад давсны уусмал шахан давсгийг бүхэлд нь зайлаад гарсан шээсээр шээсний эсийн шинжилгээ авах бөгөөд ингэснээр энгийн шээсний шинжилгээнээс хариу нь илүү оновчтой гарна.
Шээсний эсийн шинжилгээ нь хорт хавдар үүсгэх хорт бодистой нөхцөлд ажилладаг хүмүүс урьдчилан сэргийлэх маягаар өгөхөд тохиромжтой юм. Мөн давсгийн хорт хавдартай өвчтөнүүд эмчилгээ дууссаны дараа эмчийн хяналтад байх хугацаандаа тус шинжилгээг дурангийн шинжилгээтэй хамт өгч хяналтад хамрагдана.
Дээрх хоёр шинжилгээний дараа шээсний замын тодосгогчтой бичлэг хийгдэх бөгөөд цус алдалтын үүсвэрийг олох зорилготой. Мөн дурангийн шинжилгээгээр хорт хавдар олдсон бол шээсний дээд замын байдлыг шалгах зорилготой хийгдэнэ.
Мөн давсгийн хорт хавдрыг оношлохын тулд дурангийн шинжилгээгээр хавдар байгаа эсэхийг шалгаж мөн эдийн шинжилгээ авах боломжтой. Хэрвээ хавдар анхан шатанд, хэмжээ жижиг гүн нэвчээгүй бол шээсний сүвээр дуран хийж давсгийн хорт хавдрыг тайрч авах мэс засал хийх боломжтой. Булчингийн давхарга хүртэл тайран авснаар хорт хавдар хэр их гүнд байрлалтай болохыг мэдэж авч өвчний оношилгоо болон эмчилгээг хамт хийх зорилготой давсгийн хорт хавдрын хамгийн чухал эмчилгээний нэг юм.
Та бүхэнд давсгийн хорт хавдрын шинж тэмдэг болон хэрхэн оношилж ямар шинжилгээ өгөх талаар танилцууллаа.
Бүндан Жэсэн эмнэлгийн хамт олон нь та бүхэнд аюулгүй орчинд чанартай зөв эмчилгээ хийхийг эрхэмлэн зорьдог бөгөөд асуух зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу.
#Солонгосэмч #Солонгосэмнэлэг
☎️ +82-31-779-5064
📧 [email protected]