31/07/2026
🙏ШИНЖЭЭ БУЮУ "АЛТАН САВ" ЯАГААД ХАМГИЙН ТҮРҮҮНД НЭЭДЭГ ВЭ?
Энэ талаар Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайханаас тодруулсан юм.
👉“Шинжээ” буюу “Алтан сав”-ыг нээхийн тухайд хэнд хандах ёстой вэ? Энэ нь ямар учиртай билээ.
👉Шинжээ гэдэг нь үхэгсдийн зурхай гэсэн үг. Судрыг нь “Алтан сав” гэж нэрлэдэг ба монголчууд Алтан сав, Шинжээ гэж ярьцгаадаг шүү дээ. Үүнийг хэн бүхэн нээхгүй энэ номын эрх авшиг авсан Зурхайч мэргэжилтэй хүн нээдэг. Энэ шинжээ буюу үхэгсдийн зурхайг нь зөв сайн гаргах нь маш чухал бөгөөд өнгөрсний дараах хамгийн түрүүний зурхай. Түүний дараа хойдохыг нь өгөх ёс бий. Гэхдээ хойдохыг тусгай тарни номын хүчийг бясалгасан лам уншина. Тодруулбал, сайн төрөлд төрүүлэхийн тухайтад Ботид буюу хойдохыг тусгайлан уншдаг. Төвөдөөр хүний биеийг лүй гэж байгаа юм. Орчуулбал үлдэгдэл гэсэн үг л дээ. Тэгэхээр хүн өнгөрөхөөр сүнс нь 49 хоногтоо төрлөө олдог бол бие нь үлддэг. Биеийг нь шинжээнд гарсны дагуу ном ёсоор оршоож, сүнсийг нь сайн төрлийг олох, үлдэж байгаа ар гэрийнхэнд нь хойшид гарах муу үр дагаврыг засах ач холбогдолтой зурхай юм.
👉Шинжээ нээхэд ямар онцгой ёс жаяг байдаг вэ?
👉Гандангийн настай гавж багш нар маань “Шинжээг нээе гэж шамддаггүй амьтны тус” хэмээн нээдэг. Бас шинжээг нь нээгээд, хойдохыг нь хамт авдаггүй ёс байсан. Харин шинжээг өөрөө нээгээгүй өөр хүний хойдох ирэхэд өргөл барьцыг гэрийнхээ хатавчинд хаяулж авч уншдаг ёсыг хардаг байлаа. Энэ нь эртний уламжлал юм.
👉Оршуулах буюу гаргах өдрийн тухай хэлж өгөөч?
👉Монголчууд өдрийг голчилдог ард түмэн. Хүний төөрөг, хувь заяаг зурахад ч өдөр маш чухал гэж үздэг. Тиймээс өнгөрсөн хүнийг гаргах өдөр маш чухал байдаг.
Шинжээнд гаргах өдрийг ч мөн адил анхаардаг. Ерөнхийд нь бол даваа, лхагва, баасан гарагт гаргадаг гэж ойлгодог ч, донш буюу дөрвөн хоосон өдрийн зурхайн дагуу тухайн хүний жилээс шалтгаалж нарийн тооцдог.
👉Донш гэж юуг хэлээд байна вэ?
👉Доншийг Монголын эм, зурхайг үндэслэгч Ламын гэгээний ёс жаягийн дагуу гаргадаг уламжлалтай. Донш гэдэг нь товчхондоо ямар жилтэй хүнийг ямар өдөр оршуулж болохгүй өдрийг заадаг. Жишээлбэл:
Гахай, хонь, нохой жилтэй өнгөрсөн хүнийг туулай, луу өдөр гаргахгүй.
Хулгана, луу, бич жилтэй хүнийг хонь, морь өдөр гаргахгүй.
Бар, морь, туулай жилтэй хүнийг хулгана, үхэр өдөр гаргахгүй.
Тахиа, үхэр, бич жилтэй хүнийг гахай, нохой, тахиа өдөр гаргахгүй. Хэрвээ энэ нь 1, 3, 5 дахь өдөр буюу нийтээрээ гаргадаг өдөр нь оршуулж таарвал өвчин зовлон, үхэл хагацал гарна гэж сударт тэмдэглэсэн байдаг.
👉Ярилцсанд баярлалаа.
П.Ундраа
📍 Хаяг: БЗД, 2-р хороо, Сансарын Аюулгүйн тойргийн "Эвтэй дөрвөн амьтан" хөшөөний чанх хойно Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд 🙏