29/07/2026
“Өөрийн хүсэлтээр…” гэх дөрвөн үгийн цаана юу нуугдаж байна вэ?
2024 онд эрүүл мэндийн салбарт 16,974 хүн шинээр ажилд орж, 13,538 хүн ажлаасаа гарчээ. Нийт 69,700 ажлын байртай энэ салбарт нэг жилийн дотор 30 мянга гаруй удаагийн хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн бүртгэгдсэн байна.
Ажлаас гарсан ажилтнуудын 57.2 хувь нь өөрийн хүсэлтээр, 14.6 хувь нь жирэмсний болон хүүхэд асрах чөлөөгөөр, 13.5 хувь нь байгууллага хооронд шилжиж, 8.1 хувь нь өндөр насны тэтгэвэрт гарсан гэсэн мэдээлэл бий.
Тоон мэдээлэл нэг зүйлийг хэлж байна. Харин тэр тоонуудын цаана юу өрнөж байгааг статистик хэлдэггүй.
“Өөрийн хүсэлтээр ажлаас гарсан.” Тайланд ингэж л бичигддэг нь харамсалтай...
Гэхдээ өөрийн хүсэлтээр ажлаасаа гарна гэдэг үнэхээр зөвхөн хувь хүний сонголт байсан гэж үү?
Үгүй дээ ... Үнэндээ ажлын ачаалал, хөдөлмөрийн үнэлэмж, ажлын орчин, мэргэжлээс халшрах байдал зэрэг олон асуудлын төгсгөл нь энэ дөрвөн үг болж үлддэг...
Яахав зөвхөн Эрүүл мэндийн байгууллага гэхгүй бүхий л салбарт хүний нөөцийн дутагдал шинэ асуудал биш. Сул орон тоог шинэ төгсөгчөөр нөхөх, дотооддоо шилжүүлэх, илүү цаг ажиллах, нэг хүн хэд хэдэн үүрэг хавсрах зэрэг нь олон байгууллагын өдөр тутмын бодит байдал болсон.
Ажил зогсдоггүй.
Үйлчилгээ тасалддаггүй. #Харамсалтай нь энэ нь хүний нөөцийн асуудал шийдэгдсэн гэсэн үг биш.
Нэг эмч, нэг сувилагчийн оронд өөр хүн авч болно. Харин олон жил хуримтлуулсан туршлага, эмнэлзүйн ур чадвар, багийн уялдаа холбоо, залуу ажилтанд мэдлэгээ өвлүүлдэг чадамжийг хамтад нь орлуулах боломжгүй.
Тиймээс энэ статистикаас хамгийн түрүүнд асуух ёстой зүйл нь “хэдэн хүн ажилд орсон бэ?” биш. Нөхөгдөж байгаа бол асуудал биш гэж харж болохгүй юм.
Яагаад ийм олон хүн ажлаасаа гарсан бэ?
Хэрэв жил бүр ийм хэмжээний шилжилт хөдөлгөөн үргэлжилбэл хамгийн түрүүнд ажлын ачаалал үлдсэн ажилтнууд дээр нэмэгдэнэ. Дараа нь туршлагатай боловсон хүчний эзлэх хувь буурна. Цаашлаад шинэ ажилтныг сургаж дадлагажуулах боломж хумигдаж, мэдлэгийн залгамж чанар алдагдах эрсдэл үүснэ.
Энэ бүхний үр дагаврыг зөвхөн эрүүл мэндийн байгууллага биш, эмнэлгийн тусламж авч буй иргэд ч мэдэрнэ.
Эмнэлгийн барилгыг шинэчилж болно. Орчин үеийн тоног төхөөрөмж авч болно. Харин туршлагатай эмч, сувилагч, эх баригч, лабораторийн мэргэжилтнийг хэдхэн сарын дотор бэлтгэх боломжгүй.
#өнөөдөр тайланд “өөрийн хүсэлтээр” гэсэн дөрвөн үгээр тэмдэглэгдсэн энэ үзүүлэлт, маргааш эрүүл мэндийн салбарын хамгийн том сорилтын нэг болж хувирахыг үгүйсгэх аргагүй.
.Энхжаргал