14/08/2026
АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙ БА ХӨДӨЛМӨРИЙН
АЮУЛГҮЙ БАЙДАЛ...
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал зөвхөн ажиллах ахуйн орчин, аюулгүй техник төхөөрөмж, бодлогын баримт бичгүүд болон хамгаалалтын хувцас хэрэгслээс илүү ажилтны сэтгэл зүйн асуудалтай холбоотой гэж үздэг.
Ажилтны сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангахгүйгээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангана гэдэг нь суурьгүй байшин барихтай адил юм.
Суурьгүй байшин хичнээн үнэтэй материалаар барьсан ч хэр бат байх билээ үүнтэй адил ажлын байрт тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны хувцас, хэрэгсэл хэрэглэлээ гээд нойргүйдэлтэй ажилтан хормын төдий анхаарал алдахад осол тохиолдож болно.
Энэ утгаар ХАБ-ыг хангана гэдэг сэтгэл, бие, оюун ухааны аюулгүй, эрүүл байдлыг цогцоор нь хангахыг хэлнэ. Учир нь технологийн дэвшил, аюулгүй байдлын систем, тоног төхөөрөмж сайжирсаар байгаа хэдий ч эндэгдэл буурахгүй байгаатай холбоотой ХАБЭА ослын шалтгааныг хүний сэтгэл зүйн асуудлаас эрэлхийлэх чиг хандлага үүссэн.
Иймд бид өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангах дүрмийн хүрээнд хуульд нийцтэй байдлыг хангах нь ашигтай үүнийг ойлгох чухалтай.
Ажилтныг хянагч цагдаа мэт заавал хянаж цагдаж манаж байж хийлгэдэг гэх ойлголтоос салах, харин ХАБ бол хүний амь, байгууллагын ирээдүйн асуудал бөгөөд хувь хүний ухамсарт үйлдлээс шалтгаална гэдгийг ажилтны оюун ухаан, сэтгэлд суулгах соён гэгээрүүлэх, аюулгүй ажиллагааны хандлагыг өөрчлөх шаардлагатай байна.
Сэтгэл зүйн уур амьсгал
Сэтгэл зүйн уур амьсгал гэх ойлголт нь ХАБЭА-г хангах байгууллагын хүчин чармайлт, аюулгүйн дүрэм журмаас илүүтэйгээр аюулгүй ажиллагааны хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой ойлголт юм.
Энэ ч утгаар сэтгэл зүйн уур амьсгалын тухай сүүлийн үеийн ХАБ-ын судлаачид онцлох болсон.
Сэтгэл зүйн аюулгүй байдал гэдэг ойлголтыг 1999 онд Харвардын Бизнесийн Сургуулийн профессор Amy Edmondson тодорхойлсон.
Тэрээр сэтгэл зүйн аюулгүй орчинд ажиллаж буй ажилчид, итгэлцэл дээр суурилсан орчин бүрдүүлсэн байгууллагын гүйцэтгэл бусдаас илүү байгааг онцолсон. Шалтгаан нь сэтгэл зүйн аюулгүй орчинд ажиллаж буй ажилчид нээлттэй, хариуцлагатай, алдаагаа хүлээхээс айдаггүй, суралцах эрмэлзэлтэй байдгийг тогтоосон. Тэгвэл суралцах хүсэл эрмэлзэлтэй ажилчид аюулгүй ажиллагааг илүү хангаж ажилладаг болохыг судалгааны үр дүн харуулсан байдаг.
Ажилтны ажлын ур чадвар нь ХАБ-тай шууд холбоотой. Ажлын ур чадварт мэргэжлийн техник ур чадвар болон сэтгэл зүйн ур чадвар ордог. Ажлын ур чадвар нь “Ажилтны үр ашиг, эрүүл байдлыг хангах” цаашлаад хөдөлмөрийн аюулгүй байдлын сэдэвтэй нягт уялддаг
Энэ ч утгаар аюулгүй ажиллагааг хангах тухай ярихын өмнө бид өөрийгөө болон өрөөлийг эрсдэлт оруулахгүй байх хэмжээнд сэтгэж, эргэцүүлэн бодож чаддаг, эрүүл сэтгэл зүйтэй ажилтны тухай ярих хэрэгтэй.
Сэтгэл зүйн уур амьсгалд дараах ойлголтууд багтана
• Ажил (ажиллах сэдэл ба бие даан ажиллах нөхцөл)
• Үүрэг (үүрэг хариуцлагатай холбоотой стресс болон хамт олны харилцааны асуудал, эв нэгдэлгүй байдал)
• Баг (багийн хамтын ажиллагаа, нөхөрсөг, халуун дулаан уур амьсгал)
• Удирдагч (удирдлагын зохион байгуулалт болон дэмжлэг)
• Байгууллагын бүтэц, тогтолцоо (байгууллагын соёл)
Дээрх хүчин зүйлүүд байгууллагын сэтгэл зүйн орчныг тодорхойлох бөгөөд цаашлаад байгууллагын аюулгүй уур амьсгалд нөлөөлнө. Энэ утгаар ХАБЭА-н ажилтан нь аюулгүй ажиллагааны бодлого, дүрэм, журамд зайлшгүй ажилтны сэтгэл зүйн асуудлыг тусгах хэрэгтэй. Үндсэндээ аюулгүй ажиллагаа бол зөвхөн гадны хүчин зүйлээс гадна, хүний дотоод сэтгэлийн хүчин зүйлээс хамааралтай учраас чухал юм.
https://www.facebook.com/Mongoliasafety