23/08/2026
МОНГОЛЫН БӨӨ НЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХАР ЗҮРХ ХАЙРХАНЫ ТӨРИЙН ТАХИЛГАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших Хар Зүрх хайрхан нь Их монголын эзэнт гүрэн, Монголын төрт ёс, Их хаадын түүхтэй салшгүй холбоотой, түүхэн газар. Уг хайрханыг XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат хайрхан болгон өргөмжилсөн. Тус хайрхны дэргэдэх “Хар Зүрхний хөх нуур” хэмээх түүхэн газар нь 1189 оны шаргачин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж “Чингис хаан” хэмээх цолыг хүртээсэн хэмээн “Монголын нууц товчоо”-нд үгүйлсэн, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн онцгой түүхэн газар юм.
2026 оны 8 дугаар сарын 20-оос 21- ны өдрүүдэд Хар зүрх хайрханы төрийн тахилга шинж төгөлдөр сайхан боллоо. Энэхүү тахилгын шашны ёслолын бөөгийн зан үйлийг Тэнгэр шүтлэгтний “Мөнх Тэнгэр” нэгдсэн хороо хариуцан зохион байгуулж монгол бөөгийн уул усаа тахиж ирсэн эртний ёсоор Хар зүрх хайрханыг аргадан тахих энэ удаагийн зан үйлийг 33 жилээс дээш бөөлсөн удган зайран нар ахалсан бөгөөд үүнд: Дархадын алдарт зайран Жамбын Дамдины төрсөн охин, их удган Д.Батчулуун Нарны тахилга, 10 гарагийн тахилга, Лусын тахилгыг тэргүүлэн, мөн Хишигжаргал удганы зайгаар амьлсан Хөх ямаан сэтэрийг лусдаа өргөж, Туул удганы даатгалаар лусын тахилга дүүрлээ.
Монгол бөөгийн “Цагаадай төв”-ийн тэргүүн зайран Л.Цагаанхүү, халх зайран С.Алтангадас, буриад зайран Н.Батхуяг, зайран П.Батжаргал, зайран “Бүргэд бөөгийн төв”-ийн тэргүүн зайран Ч.Дангаасүрэн нар Хайрханы тахилгыг тэргүүлэн,
Монгол бөөгийн “Цагаадай төв”-ийн тэргүүн зайран Л.Цагаанхүү, буриад удган Л.Амгаланням, Буриад бөөгийн “Чанар академи”-ийн тэргүүн удган Д.Жавзмаа, “Дагшин тэнгэр бөөгийн төв”-ийн тэргүүн буриад удган Ц.Отгонсүрэн нар Галын тахилгыг тэргүүлэн нийт 87 бөө амжилттай үйлдлээ.
Төрийн тахилгын ёслолын хүндэтгэлийн суудалд Д.Батчулуун удган, П.Батжаргал зайран, Ч.Дангаасүрэн зайран, Л.Цагаанхүү зайран, Л.Амгаланням удган, Д.Жавзмаа удган, Ц.Отгонсүрэн удган нар бөө нараа төлөөлөн суулаа.
ТЭНГЭР ҮЗЭЛТНИЙ МӨНХ ТЭНГЭР НЭГДСЭН ХОРОО
2026.08.22