11/05/2026
"Tөрөх гэж байна, нэг давхар луу буу!" гээд намайг төрөх эмэгтэйчүүдийн хэсэг рүү оруулчихсан. Тэгсэн чинь тэнд нэг эмэгтэй төрөх гэж байгаа бололтой толгойгоороо хана мөргөөд л, төмөр ор сэгсрээд л, дэвхцээд л, ер нь их тавтиргүй харагдаж байна аа. Тэгэхээр нь би "Энэ ямар намбагүй хүүхэн бэ. Би лав ингэхгүй" гээд лаг юм бодоод байж байсан чинь яг тэр 1, 2 минутын зайтай өвдөлт ирэнгүүт чинь юун тэр толгойгоороо хана мөргөхөөс наагуур юм болж байгаа юм чинь. Гэхдээ дотроо, би чинь бас нэг дээд боловсролтой хүүхэн байна даа, намба алдаад яахав гээд өөрийгөө бодоод байгаа юм аа. Тэгэнгүүт яг тэр өвдсөн үед орны толгойноос зуураад л яаа ёстой нээрээ янз бүрийн хараал хэлэхээр л байгаа байхгүй юу. Эмэгтэй хүний төрөлтийн үеийн тэр намба бол бас л эвгүй юм байна лээ.
Ээж болох гэдэг нэг тийм гоё зөөлхөн ч юм уу, нэг тийм яагаад ч юм сэтгэл уярмаар ч гэдэг юм уу, үгээр илэрхийлэхэд хэцүү л юм. Нэг тийм, эрэгтэй хүн байж байгаад эмэгтэй хүн болчихсон ч юм шиг. Тэгээд хүн яг хүүхдээ л бодохоор өөрийн мэдэлгүй хөх чинэрээд сүү гоождог юм байна лээ. Зүгээр үед яах ч үгүй байснаа яг хүүхдээ бодохоор л сүү асгараад байна. Тэрийг бол би ёстой өөрийнхөө бие дээр мэдрээд "Өө за эмэгтэй хүн ёстой сонин бүтэцтэй юм даа" л гэж тухайн үед бодож байсан.
Миний хүү чинь 5 сарын 8нд төрсөн юм. Хамгийн анхны хүүхэд. 4 кг 600 грамм гарсан. Ер нь бол аймар том шүү дээ. Тухайн үедээ эмч нар 28-тай анхны төрөлт, том байна, хийсвэр хийлгэж болно гэдэг саналыг надад тавьсан л даа. Тэгээд би яахав, хүн болсных өөрөөрөө хүүхдээ гаргаж үзье гээд өөрөөрөө төрсөн юм. Аа бас л чанга давааг давж төрсөн. Ерөнхийдөө манай хүү жаахан бүтэлттэй төрөөд тэгээд инкубаторт аваачаад хийчихсэн. Тэгээд маргааш нь билүү дээ, очоод харсан чинь 5 зэрэгцээ инкубатор байж байна. Дөрөвт нь аймар хөөрхөн жижигхэн загас шиг юмнууд, тэгэнгүүт голд нь голийсон нэг том юм, бараг 2,3 сартай юм шиг хүүхэд байсан нь манай хүүхэд байсан. Нөгөө тэмээнээс том тэмдэгтэй гэдэг шиг л. "Миний хүү ямар гоё тод харагдаж байна аа. Мянган хонины дундаас би танина гэдэг шиг л ёстой гоё харагдаж байна даа" гэж би бодсон.
Хувьтыг өсгөхөд их аятайхан, амар хүүхэд байсан. Нэг их авхуулах гээд, тэврүүлэх гээд байдаггүй. Хүүгээ нэг ой арай хүрээгүй байхад нь би Японы их сургуульд мастер, доктороо хийх гээд бид нар Япон явсан юм. Тэгээд очингуутаа хүүгээ цэцэрлэгт өгсөн чинь сарын дараа цэцэрлэгийн эрхлэгч нь намайг дуудаж уулзаад "Бид нар танай хүүхэдтэй ажиллаад үзтэл танай хүүхэд соёлын шоконд орсон байж магадгүй юм шиг байна. Монголд амьдарч байгаад гэнэтхэн Японд ирэхээр мэдээж соёлын ялгаа гарсан байх. Та тэгэхээр хүүхэдтэйгээ яаж ажиллавал аятайхан бэ гэдэг мэдээллүүдийг авбал зүгээр юм болов уу. Манайд ийм хөгжлийн төвүүд байдаг юм. Та хүсвэл бид нар цаг аваад өгье" гээд надад их эвтэйхнээр хэлсэн. Хөгжлийн төв гэдэг нь болохоороо хөгжлийн бэрхшээлтэй юм уу, ялангуяа хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд зориулагдсан л төв байсан байгаа байхгүй юу. Гэхдээ тэрийгээ их эвтэйхнээр цэцэрлэгийн эрхлэгч хэлж байгаа юм л даа.
"Өө тэгье л даа" гээд л цаг авч өгсөн харъяа дүүргийнхээ хөгжлийн төв дээр яваад очсон. Тэгээд очсон чинь ерөөсөө үүднээсээ ороход л бүх юм ойлгомжтой, Японы үйлчилгээ тасархай юм чинь. "Та Хувьтын ээж үү? Өнөөдөр бид нар таныг хүлээж байлаа" гэнгүүтээ 4 хүн угтаж аваад, 2 нь зөндөө тоглоомтой том зааланд манай хүүхэдтэй тоглоод, 2 нь надтай юм яриад суучихсан. Тэр үйл явц 3 хоног үргэлжилсэн. Тэгэнгүүт тэр хугацаанд юу хийж байсан бэ гэхээр одоо ингээд бодоход үнэлгээ хийж байсан байгаа юм. Энэ хүүхдэд хоцрогдол байна уу, хэл мэдэхгүй байна уу? гэдэг ч юм уу. Гэхдээ тэрнээс ч өмнө цэцэрлэгийн эрхлэгч, багш эд нар нь манай хүүхдийг аутизмтай байна аа гэдгийг аль хэдийнээ анзаарчихсан л байгаа юм. Гэхдээ тэрийг надад пал хийтэл хэлээгүй.
Тэр 3 хоногийн дараа би хүүхдээ аутизмтай гэдгийг сонсоод яг нуулгүй хэлэхэд бол нэг их ойлгоогүй юм. Магадгүй нэг гар хөл нь байхгүй ч юм уу, нэг эрхтэн дутуу байгаад байвал шууд нүдэнд харагдах учраас надад хэцүү байж магадгүй байсан байх. Надад өөрт айхтар зовлон мэдрэгдээгүй учраас би тухайн үедээ бол шоконд орж хүлээж аваагүй. Үнэлгээ нь дуусангуут шууд л "Одоо танай хүүхэд чинь ийм ийм үйлчилгээнд орно. Бид нар энийг чинь болгочихлоо" гээд тэр хүүхдийн хөгжлийн ялгаатай байдал дээр том том дэмжлэгүүд ороод ирж байгаа юм. Анх ямар ч хэрэгцээ шаардлагагүй цэцэрлэгт орж байсан хүүхэд чинь туслах багштай болсон, хэл засал хөдөлгөөн засал ахуй засал өөр юу байдаг юм бүх юмнуудад нь хамрагдаад заалгуулсан болохоор аягүй хөөрхөн хөгжсөн.
Японы бас нэг давуу тал нь юу вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй ямар ч иргэд нь гудамжаар чөлөөтэй явж байдаг. Тэр зам талбай, дэд бүтэц эд нар бол тасархай шт. Надад тэр их нөлөөлсөн. Би ямар ч нөхцөлд хүүхдээ чирээд л, уйлахад нь уйлуулаад л, дагуулаад явдаг байсан. Тэгээд яваад байхаар тухайн хүүхэд чинь хичнээн уйлаад явж байгаа мөртлөө л нүднийхээ булангаар хорвоотой танилцана шүү дээ. Би Түдэв гуайн Хорвоотой танилцсан түүх гэдэг зохиолд их дуртай. Аутизмтай хүүхдийг гэрт нь нуух биш эсрэгээрээ аль болох гадуур авч яваад хорвоотой танилцуулаад байвал тэр хүүхдэд туршлага хуримтлагдана. Явсан газраараа дахиж яваад, очсон газраа дахиж очоод ирэхээр дасаад "Аа нэг ингэдэг шүү" гэдэг туршлага бий болоод айдасгүй болоод ирнэ.
Миний хамгийн их шоконд орсон үе хэзээ вэ гэхээр 2008 онд Монголд ирсний дараа. Би мастер, доктороо хийж дуусчхаад 5 жилийн дараа буюу хүүгээ 6 нас 6 сартайд нь ирсэн. Яагаад ч юм Монголыг нөгөө Япон шигээ санаад л ирсэн чинь миний төсөөлж байсан шиг ойлголт, хандлага байхгүй байсанд шоконд орсон. Аутизмын талаар сайн мэддэг хүн байхгүй. Ямар сайндаа хаана хандах уу гэж байгаад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү анх очиход нэг настай эмч "Пөөх би 5дах аутизмтай хүүхдээ харж байна. Бас ийм төрөл байдаг аа" гэж хэлж байсан. Тэгээд би мэргэжлийн хүнд аваачаад өгье гэсэн ч мэргэжилтэн нь байхгүй юм байна гэдгийг мэдээд өөрөө түрүүлж алхаж явах ёстой юм байна гэдгээ ойлгосон доо. Нэг талаараа би болон миний хүү их азтай. Японд тэр сайхан хүмүүсийн буянаар сууриа их аятайхан, зөв тавьчихсан болохоор цаашаагаа шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэг шиг л хүүхэдтэйгээ ажиллаад явсан.
Японоос ирсний дараах эхэн үед хүүхэд ярихгүй байна аа яана аа гээд ах дүү хамаатан садан, эмээ өвөө нар чинь "Тэнд ч нэг сайн лам, бөө байгаа гэнэ", "Энд ч нэг сайн хүн байна. Тийшээ очоодох" гээд л хэлнэ. Аав бид хоёр нь оношийг нь мэдэж байгаа болохоор тоодоггүй байсан ч яахав хүмүүсийн сэтгэлийг бодоод очиж л байгаа юм л даа. Тэрнээс биш тэнд нэг лам ном уншаад, эсвэл нэг уламжлалтын эмч зүү тавиад эдгэчихдэг бол хачин юм болно биз дээ. Би сэтгэлийн хувьд бол нэг их айхтар эмзэг хүн биш юм шиг байгаа юм. Одоо юу гэдэг юм, нэг бөө дээр очиж бөөлүүлээд, нэг лам дээр очиж үзүүлээд "Миний хэдэн насандаа хийсэн үйлийн үрээр би ийм хүүхэдтэй болчхов?", "Яагаад хүү минь ийм болчхов" ч гэдэг юм уу, тэрийг мэдлээ гээд яахав дээ тийм биз дээ. Нэгэнт ийм оноштой болчихсон, одоо юуг ч өөрчилж чадахгүйгээс хойш, урагшаа л харъя гэдэг бодолтой амьдардаг болохоор би тиймэрхүү юмыг ёстой тоодог ч үгүй. Яадаг юм миний хүү ийм байг. Хямарч шаналж цаг алдахынхаа оронд сайхан хүлээн зөвшөөрөөд би хүүхдийнхээ төлөө юу хийж чадах вэ, хүүгээ яажшуухан аятайхан хөгжүүлээд авах уу гэдгээ бодсон нь дээр.
Манай хүүхдийн хувьд нэг их ярьдаггүй учраас энгийн сургууль тохиромжгүй гэдгийг бол би мэдэж байсан. Тэгээд харъяагаараа нь тусгай сургуульд оруулаад сургах явцад бол хандлага, ойлголт дутуу юмнууд гарсан. Мэдээж Япон шиг бол биш шүү дээ. Тэр Япон шиг биш байгаа байдлыг хэн нөхөх вэ гэвэл би нөхөх болж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би хүүхэдтэйгээ яаж ажиллах арга замуудыг бас заалгуулж авч сураад, хүүгээ юунд дуртайг ажигласан.
Манай хүү бол аягүй их зураг зурдаг байсан. Японд байх үед Монголоос ачаа ирэхээр ааруул мааруулны хажуугаар тв зоне моне гэсэн янз бүрийн Монгол сэтгүүлүүд ирнэ. Дотроо нөгөө телевизийн мэдээ, баахан сувгуудын логотой. Тэгэхээр манай хүүхэд чинь тэр сэтгүүлүүдийг харж байгаад л бүгдийг нь сайхан зурна. Бараг 2 ойтоогоосоо харандаа бариад л телевизийн логонууд дуурайгаад зурдаг байсан. Тэгэнгүүт нь за манай хүүхэд чинь зурах дуртай юм байна даа гэж бодоод зургийн хэрэгслийг нь хангаж өгнө. Би тэгээд одоо боддог юм. Бичгийн цаас худалдаж авсан тоогоороо бол бараг нэг контейнер болох байхаа гэж. Байгаль орчинд хор хийгээд байна уу, хоол хийгээд байна уу гээд тухайн үед би боддог байж билээ. (инээв)
Тэрэн дээр нь тулгуурлаад хүүгээ хөгжүүлэх юм байна гэж анх хараад зургаар дамжуулж хүүгээ хөгжүүлсэн. Одоо манай хүүхэд 25-тай залуу болчихсон, зураач гэдэг мэргэжлийг эзэмшээд дипломны ажлаа бүр 100 хувийн гэдэг юм уу оноогоор хамгаалаад, хоёр удаа ч бие даасан үзэсгэлэнгээ гаргачихсан хөөрхөн явж байна. Харьцангуй нэг үеэ бодвол 10 жилээ төгсөөд, бакалаврын диплом аваад, тодорхой хэмжээнд теннис, Bocce гэдэг спортоор өөрийгөө хөгжүүллээ. За тэгээд тусгай тэмцээнд нийслэлийн аварга болоод, төгөлдөр хуураар Солонгост нэг тэмцээнд ороод ирсэн мирсэн гээд амжилтууд яривал их юм байна.
Гэхдээ тэр бүхнээс илүү миний хувьд ирээдүйд хүү маань тодорхой хэмжээнд биеэ даачихсан, ямар нэгэн ажил хийчихдэг, хүнд дарамт болохгүйхэн шиг амьдраасай гэдэг тал дээр их боддог л доо. Манайх чинь хоёр хүүтэй, яахав нэг эрэгтэй дүү байгаа л даа. Тэгэнгүүт дүү нь хэзээ нэгэн цагт мэдээж гэр бүл зохионо. Магадгүй үнэхээр сайхан сэтгэлтэй нэг айлын охин орж ирээд "Ахыг чинь харж хандалгүй яахав" гэсэн байдлаар хандвал сайхан л хэрэг. Гэтэл магадгүй "Би яахаараа танай энэ хөгжлийн бэрхшээлтэй ахыг чинь харах ёстой юм. Бид нар өөрсдөө бас сайхан амьдармаар байна шдээ" гэвэл бас тэр хүмүүсийн л эрх байхгүй юу. Тэрийг бас хүндэтгэх хэрэгтэй.
Бид нар чинь мөнх биш, би ирээдүйд байхгүй болно. Тэр үед жишээ нь хүү маань айлд амьдарлаа гэж бодоход хоол идсэнийхээ дараа аяга тавгаа угаачихдаг, тоосоо соруулчихдаг гэдэг ч юм уу тэ, гэр орноо сайхан цэвэрлээд тавьчихдаг иймэрхүү энгийн ахуйн зүйлсийг сурчихвал тэр айлын хүмүүст таатай сайхан л байна шүү дээ. Манай энэ чинь бас нэмэртэй шүү гэдэг ийм бодол үлдээх талаас нь би том хүүгээ хүмүүжүүлж байгаа. Аан түүнээс биш, одоо юу гэдэг юм, төрийн шагналт зураач болтол нь хөгжүүлнэ ээ гээд л (инээв) тийм юм бол байхгүй ш дээ. Яахав хүн мөрөөдөлтэй байх гоё, гэхдээ бас бодит байдалтайгаа эвлэрээд явах нь дээр.
Би бол одоо хувийн эрүүл мэндээ сайн хангаад жаахан урт наслах юм сан л гэж бодож байна.