03/08/2026
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ ӨСӨЛТ ХӨХӨӨР ХООЛЛОЛТООС ЭХЭЛДЭГ
Нярай болон бага нас бол хүүхдийн өсөлт, хөгжил хамгийн эрчимтэй явагддаг үе юм. Энэ үед эхийн сүү нь хүүхдэд шаардлагатай шим тэжээлийг бүрэн хангахаас гадна дархлаа тогтолцооны төлөвшил, тархи, мэдрэлийн тогтолцооны хөгжилд чухал үүрэгтэй. Иймээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдийг төрсний дараах эхний 6 сар зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллож, 6 сартайгаас нь насанд тохирсон нэмэгдэл хоолонд оруулан 2 нас болон түүнээс дээш хугацаанд үргэлжлүүлэн хөхүүлэхийг зөвлөдөг.
Гэхдээ хөхөөр хооллолт зөвхөн ээжээс шалтгаалдаггүй. Төрсний дараах эхний саруудад ээжид амрах боломж олгох, сэтгэл санаагаар нь дэмжих, өдөр тутмын ачааллыг нь хуваалцах нь хөхөөр хооллолтыг амжилттай үргэлжлүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Гэр бүлийн дэмжлэгтэй ээжүүд хүүхдээ илүү удаан хугацаанд хөхөөр хооллох боломж өндөр байдгийг олон судалгаа харуулдаг.
Та дараах энгийн зүйлсээр ээжийг дэмжээрэй.
• Амрах, хангалттай унтах боломж олгох
• Урмын үг хэлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх
• Гэрийн ажлыг хамтран хийх
• Хүүхдээ асарч, ээжид амсхийх боломж гаргах
• Шүүмжлэхийн оронд сонсож, ойлгон, урам өгөх
Ээжийн тайван байдал, гэр бүлийн халамж, дэмжлэг нь хөхөөр хооллолтыг амжилттай үргэлжлүүлэхэд чухал нөлөөтэй. Энэ нь зөвхөн ээжид үзүүлж буй тусламж биш, хүүхдийн эрүүл өсөлт, хөгжилд оруулж буй хамгийн бодит дэмжлэг юм.