Koala Family Center

Koala Family Center Parenting program and counseling, Creative Bookclub, Creative events, workshop

24/08/2026

**Хүүхдийг өөрчлөхөөс өмнө — хүүхдийг хүрээлсэн системийг харъя.**

Хүүхдийн хөгжил, зан үйл, суралцах чадварын тухай ярихдаа бид ихэвчлэн хүүхэд рүүгээ хамгийн түрүүнд хардаг.

**“Яагаад ингэж аашлаад байна?”**
**“Яагаад анхаарахгүй байна?”**
**“Яагаад бусадтай адилхан сурахгүй байна?”**
**“Яагаад үг сонсохгүй байна?”**

Тэгээд хүүхдийг илүү сайн сургах, илүү сахилга баттай болгох, илүү тайван болгох арга хайдаг.

Гэтэл магадгүй бидний асуух ёстой хамгийн чухал асуулт өөр байж болох юм.

> **“Энэ хүүхдийг хүрээлсэн томчууд түүнд аюулгүй байж, суралцаж, хөгжихөд нь хэр сайн тусалж чадаж байна вэ?”**

Хүүхэд өөрийгөө зохицуулах чадварт суралцахын тулд эхлээд хүрээлсэн томчууд бид өөрийгөө **зохицуулж чаддаг **байх хэрэгтэй.

Хүүхэд сургууль, цэцэрлэгтээ хамгаалуулсан, аюулгүй мэдрэмжийг мэдрэхийн тулд зөвхөн дүрэм биш, **түүнийг ойлгож, хариу өгч чаддаг багш** хэрэгтэй.

Багш хүүхэд бүрийг дэмжиж ажиллахын тулд зөвхөн “илүү сайн хичээ” гэсэн шаардлага биш, **сургалт, мэргэжлийн дэмжлэг, боломжит ажлын ачаалал, хөгжих зам** хэрэгтэй.

Туслах багш хүүхдийн хөгжилд бодитой оролцохын тулд түүнийг зөвхөн туслах ажилтан гэж харах биш, **чадавхжуулж, мэргэжлийн замналтай болгох** хэрэгтэй.

Эцэг эх хүүхдээ тайван дэмжихийн тулд өөрөө бүхнийг төгс мэддэг байх албагүй. Харин **өөрийн стрессээ зохицуулах боломж, ойлголт, дэмжих хүмүүс, найдвартай үйлчилгээ** хэрэгтэй.

Харин хүүхдэд?

Түүнд зөвхөн томчуудын гаргасан шийдвэрийг дагах биш,
**өөрт нь юу хэрэгтэй байгааг хэлэх, сонсогдох, оролцох бодит орон зай** хэрэгтэй.

Ингэж харахад хүүхдийн хөгжил гэдэг зөвхөн хүүхдийн асуудал биш.

Энэ бол:

**эцэг эхийн,**
**багшийн,**
**байгууллагын,**
**бодлогын,**
**нийгмийн асуудал.**

Хүүхэд хэцүү зан гаргаж байвал:

**“Энэ хүүхдэд юу буруу байна?”** гэж асуухаасаа өмнө

> **“Энэ хүүхдийн эргэн тойрон дахь систем түүнд одоо юу өгч байна, юу дутаж байна?”**

гэж асууж сурмаар байна.

Учир нь хүүхдийн хөгжилд хамгийн хүчтэй хөрөнгө оруулалт нь заримдаа хүүхдэд зориулсан дараагийн хөтөлбөр биш.

**Харин хүүхдийн дэргэд байгаа том хүнийг илүү тайван, чадвартай, дэмжлэгтэй болгох явдал байдаг.**

Хүүхдийг өөрчлөх гэж яарахаасаа өмнө
**хүүхдийг хүрээлсэн томчууд болон системээ хүчирхэгжүүлье.**

23/08/2026

АНХ СУРГУУЛЬД ОРЖ БАЙГАА ХҮҮХЭД

Энэ жил Боловсролын яамнаас 1-р ангийн эхний дөрвөн долоо хоногт хүүхдүүдийг шинэ орчиндоо аажмаар дасах, өөртөө итгэлтэй суралцахад нь дэмжихээр төлөвлөж байгаа нь надад их зөв санагдлаа.

Нэгдүгээр анги гэдэг хүүхдийн хувьд зүгээр нэг дараагийн анги биш. Сурах үйлийн суурь тавигдаж, “сургууль гэж ямар газар вэ, би энд ямар сурагч байх вэ?” гэсэн анхны мэдрэмж, ойлголт нь бүрэлдэж эхэлдэг маш чухал үе.

Анх сургуульд ороход багш нь шинэ, анги танхим нь шинэ, ангийн хүүхдүүд нь шинэ, сургуулийн орчин, дүрэм, бусад ажилтнууд гээд бараг бүх зүйл цоо шинэ байдаг. Том хүний хувьд бидэнд энгийн мэт санагдаж болох ч зургаан настай хүүхдийн хувьд энэ бол маш том шилжилт. Тиймээс эхний өдрөөс нь “сууж сур, дүрмээ дага, хурдан сур” гэж яарахаас илүү эхлээд орчинтойгоо танилцах, багштайгаа холбоо тогтоох, ангидаа өөрийгөө аюулгүй мэдрэх, аажмаар дасах цаг өгөх нь үнэхээр чухал санагддаг.

Хүүхэд “Энд би зүгээр юм байна. Надад туслах том хүн байна. Би чадна.” гэж мэдэрч эхлэхэд сурах үйл ч араас нь илүү тайван, итгэлтэйгээр эхэлнэ дээ.

Энэ үед эцэг эхчүүд бид ч бас хүүхдээ “хурдан дасгах” гэж яарах биш, дасан зохицох үйл явцыг нь дэмжих хэрэгтэй.
Нэгдүгээр ангийн эхний хэдэн долоо хоногт эцэг эхчүүдэд дараах зүйлсийг зөвлөмөөр байна.

1. Эхний үед хичээлээс илүү “сургууль ямар санагдаж байна?” гэдгийг анзаараарай
Өдөр бүр:
“Өнөөдөр хэдэн үсэг сурсан?”
“Багш чинь юу заасан?”
“Даалгавраа хийсэн үү?” гэж асуухаас өмнө:

“Өнөөдөр хамгийн гоё зүйл нь юу байсан?”
“Юу жаахан хэцүү байсан?”
“Хэнтэй хамт суусан бэ?”
“Хэн чамд тусалсан бэ?” гэж асуугаарай.

Энэ асуултууд хүүхдэд:
“Аав, ээжид миний зөвхөн дүн биш, миний мэдрэмж бас чухал юм байна” гэсэн мэдрэмж өгдөг.

2. Сургууль тараад шууд олон асуултаар “байцаах” хэрэггүй
Зарим хүүхэд сургууль дээрээ өдөржин өөрийгөө барьж, дүрэм дагаж, шинэ зүйлд анхаарч явсаар гэртээ ирэхдээ их ядарсан байдаг.
Тиймээс гэртээ ирмэгц нь: хооллох, ус уулгах, жаахан тоглох, хөдөлгөөн хийх, амрах боломж өгөөд дараа нь ярилцаж болно.

Зарим хүүхэд шууд ярина.
Зарим хүүхэд орой унтахдаа л өдрийнхөө тухай ярьдаг.
Аль аль нь хэвийн.

3. Өглөөг аль болох тайван болгоорой
Өглөө бүр:
“Хурдлаач!”
“Хоцорлоо!”
“Чи яагаад юмаа бэлдээгүй юм?” гэсэн уур амьсгалтай эхлэх нь хүүхдийн аль хэдийн шинэ орчинтой тулгарч байгаа ачааллыг нэмдэг.

Боломжтой бол:
* цүнхээ орой бэлдэх
* хувцсаа урьд орой нь сонгох
* өглөө босох цагийг тогтмол болгох
* өглөөний хоолонд хугацаа гаргах
* сургуульдаа явахдаа яарахгүй байх жижигхэн дадлууд бий болгоорой.

4. Салах мөчийг хэт удаан болгохгүй байх
Хүүхэд: “Ээж ээ, битгий яваач” гэж уйлж болно.
Тэр үед:
“Уйлах хэрэггүй.”
“Том хүүхэд байж.”
“Бусад хүүхэд уйлахгүй байна.” гэж хэлэхийн оронд:

“Чамд хэцүү байгааг ойлгож байна. Би чамайг сургуулиас чинь авна. Багш чинь энд чамтай хамт байна.”гэж тайван, итгэлтэй хэлээд салж болно. Эцэг эх өөрөө эргэлзэж, дахин дахин буцаж ирэх тусам хүүхдэд:
“Энд үнэхээр аюултай юм болов уу?” гэсэн мэдрэмж төрөх үе бий.

5. Багшийг хүүхдийнхээ өмнө “аюулгүй том хүн” болгож өг
Эцэг эхийн үг хүүхдэд маш хүчтэй нөлөөлнө.
“Багшдаа хэлээрэй.”
“Чамд тусламж хэрэгтэй бол багшаасаа асуугаарай.”
“Багш чинь чамд тусална.” гэж хэлж байгаарай.

Харин багштай холбоотой асуудал гарсан бол хүүхдийн өмнө багшийг муулахын оронд томчууд хоорондоо тусдаа ярилцаж шийдэх нь илүү зөв.
Хүүхдэд:

“Манай багш аюулгүй хүн үү, аав ээж багшид итгэдэг үү?” гэдэг мэдрэмж маш чухал.

6. Бусад хүүхэдтэй бүү харьцуулаарай

“Тэр хүүхэд аль хэдийн уншиж байна.”
“Чиний найз чинь уйлахгүй байгаа биз дээ.”
“Бүгд хийж байхад чи яагаад чадахгүй байгаа юм?” гэдэг үг хүүхдийг хурдан сургадаггүй.

Харин:
“Чи өдөр бүр жаахан жаахнаар сурч байгаа.”
“Шинэ зүйлд дасахад хугацаа ордог.”
“Чадахгүй байгаа зүйлээ сурч болно.” гэдэг мэдрэмж нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг хамгаална.

7. Эхний сард нэмэлт ачааллыг боломжтой бол багасгаарай
Нэгдүгээр анги өөрөө хүүхдэд маш том шинэ ачаалал.
Шинэ цагийн хуваарь, шинэ хүмүүс, шинэ дүрэм, сууж сурах, даалгавар, эрт босох гээд тархи нь өдөр бүр маш их шинэ мэдээлэл боловсруулж байдаг.
Тиймээс боломжтой бол эхний хэдэн долоо хоногт:

**олон дугуйлан + олон нэмэлт хичээл + орой хүртэл даалгавар**
гэсэн хуваарь гаргалгүй, хүүхдэд **тоглох, хөдөлгөөн хийх, амрах, гэр бүлийнхэнтэйгээ тайван байх цаг** үлдээгээрэй.

8. “Өөрөө хийж чадна” гэсэн жижиг чадваруудыг дэмжээрэй
Сургуульд орохын өмнө эсвэл эхний хэдэн долоо хоногт хүүхэд:
* цүнхээ нээж, хаах
* харандаа, баллуураа хураах
* хүрмээ өмсөх
* гутлаа солих
* усны саваа онгойлгох
* ариун цэврийн өрөө ашиглах
* тусламж хүсэх
* нэр, ангиа хэлэх эрэг жижиг зүйлсээ өөрөө хийж чаддаг болох нь маш их өөртөө итгэх мэдрэмж өгдөг.
Бүхнийг өмнөөс нь хийж өгөхийн оронд:
**“Чи эхлээд оролдоод үз. Хэрэгтэй бол би тусална.” **гэж дэмжээрэй.

9. Алдаа гаргахыг нь хэвийн зүйл болго

Нэгдүгээр ангийн хүүхэд:
харандаагаа мартана,
дэвтрээ буруу гаргана,
үсгээ буруу бичнэ,
даалгавраа ойлгохгүй үе гарна.
Энэ бол суралцах үйл явц.
“Чи яагаад дахиад мартчихав?” гэхийн оронд:

“Дараагийн удаа мартахгүйн тулд яаж бэлдэх вэ?” гэж хамт шийдэл хайгаарай. Хүүхэд алдаанаас айдаггүй байх тусам шинэ зүйл сурах зоригтой байдаг.

10. Хамгийн түрүүнд хүүхэдтэйгээ сэтгэлийн холбоогоо хадгалаарай.

Нэгдүгээр ангийн эхний сардаа хүүхэд хамгийн их сонсох ёстой үг нь:
“Чи хэд авсан?” биш.

Харин:
“Би чамд хайртай.”
“Чи сураад явж байгаа.”
“Хэцүү байвал надад хэлж болно.”
“Бид хамтдаа шийднэ.” гэдэг үгс байгаасай.

Нэгдүгээр ангийн эхний зорилго нь хүүхдийг хамгийн хурдан уншуулж, бичүүлж сургах биш байх.
Харин хүүхэд:
“Би сургуульдаа аюулгүй.
Багш надад тусална.
Алдаа гаргаж болно.
Би сурч чадна.” гэж мэдэрдэг болох.

Ийм суурин дээр суралцах хүсэл, өөртөө итгэх итгэл, бие даах чадвар аажмаар ургана.

21/08/2026
1. Томчууд бид “Энэ хүүхдийн юу нь болохгүй байна? ” гэж асуухаасаа өмнө…“Энэ хүүхдийн эргэн тойрон дахь систем түүнд аю...
20/08/2026

1. Томчууд бид “Энэ хүүхдийн юу нь болохгүй байна? ” гэж асуухаасаа өмнө…
“Энэ хүүхдийн эргэн тойрон дахь систем түүнд аюулгүй байж, суралцаж, хөгжихөд хэр сайн тусалж байна вэ?” гэж асууж үзсэн билүү?
• Хүүхэд хичээлдээ төвлөрөхгүй байна.
• Дүрэм зөрчиж байна.
• Уурлаж байна.
• Дуугүй, оролцоогүй байна.
• Хичээлээс хоцорч байна.
• Сургуульдаа очих дургүй байна.

Ийм үед бидний хамгийн эхний асуулт ихэвчлэн:
 “Энэ хүүхэд яагаад ийм байгаа юм бэ?”
 “Яаж засах вэ?” гэдэг.

Гэхдээ хүүхдийн хөгжил зөвхөн хүүхдийн өөрийнх нь “хичээл зүтгэл”, “зан чанар”, “сахилга бат”-аас хамаардаггүй. Хүүхэд үргэлж харилцаа, гэр бүл, анги танхим, сургууль, нийгмийн орчин гэсэн системийн дотор хөгждөг.
Тиймээс бид асуултаа өөрчилж тухайлбал
Эцэг эх:
“Миний хүүхэд яагаад ингэж аашлаад байна?” гэхээсээ
“Одоо түүнд юу хэрэгтэй байна? Гэр бүлийн орчинд аав ээж эмээ өвөө томчууд бид түүнийг сонсож, сонсогдож байгаа мэдрэмж өгч байна уу?”

Багш:
“Энэ хүүхэд яагаад хичээлдээ суухгүй байна?” гэхээсээ
“Энэ хүүхэд манай ангид өөрийгөө аюулгүй, хүлээн зөвшөөрөгдсөн, суралцах боломжтой гэж мэдэрч байна уу?”

Сургуулийн удирдлага:
“Багш нар яагаад хүүхдээ удирдаж чадахгүй байна?” гэхээсээ
“Манай сургуулийн систем багшид хүүхэдтэй чанартай харилцах цаг, дэмжлэг, мэдлэг, нөөц өгч байна уу?”

Боловсролын бодлого боловсруулагчид:
“Хүүхдүүдийн сурлагын амжилтыг яаж нэмэгдүүлэх вэ?” гэдгээс гадна
“Манай боловсролын тогтолцоо хүүхдийн аюулгүй байдал, харьяалагдах мэдрэмж, харилцаа, сэтгэл хөдлөлийн хэрэгцээг хэрхэн дэмжиж байна вэ?” гэдгийг шат шатандаа асуух хэрэгтэй.

Учир нь хүүхэд сэтгэл зүрхнийхээ гүнд хамгаалуулсан, аюулгүй мэдрэмжийг авч байж судална, суралцана. Харьяалагдаж байж оролцоно. Ойлгогдож байж суралцана. Итгэж байж алдаа гаргах зоригтой болно. Заримдаа бид хүүхдийг өөрчлөх гэж маш их оролддог. Гэтэл өөрчлөх шаардлагатай зүйл нь хүүхэд биш, харин түүнийг хүрээлж байгаа орчин, харилцаа, тогтолцоо байж болно. Тиймээс хүүхэдтэй холбоотой асуудал бүрийн өмнө нэг асуултыг хамтдаа асууж суръя:
“Энэ хүүхдэд юу буруу байна?” биш,
“Энэ хүүхдийн эргэн тойрон дахь систем түүнд аюулгүй байж, суралцаж, хөгжихөд хэр сайн тусалж байна вэ?” Хүүхдийг дангаар нь засах биш. Хүүхэд хөгжиж чадах орчныг хамтдаа бүтээе.

#ХүүхдийнХөгжил #Боловсрол #ЭцэгЭх #Багш #АюулгүйХарилцаа #ХүүхэдТөвтэйБоловсрол

16/08/2026

Томчууд бид хүүхдүүдэд Хамгаалагдсан ээнэгшил буюу secure attachment-байдлыг бий болгосноор тэд маань бүхий л талаараа итгэлтэй, сониуч, сэтгэлзүйн эрүүл дархлаатай болох болно.
Бид сургалтын орчноо ийм л харилцаагаар бүрдүүлэхийг зорьдог.

❤️ Итгэлгүй байгаа нэгнийг итгэлээр дүүргэх, айдастай байгаа нэгнийг тайван, хамгаалалттай гэдгийг мэдрүүлэх, хөөрөл өндөртэй нэгэнд газардуулга хэрэгтэйг ойлгуулах, хил хязгаарын ойлголтгүй нэгэнд хил хязгаарыг аажмаар таниулах, ярих хэрэгцээтэй байгааг ойлгож сонсох, өөрийгөө илэрхийлэхэд хэцүү байгааг хүлээн зөвшөөрөх, хүлээж өгөх зэрэг энгийн хэрнээ дэргэдэх томчууд нь хараахан олж хараагүй бол өгч чаддаггүй тэдгээр зүйлсийг өгөхийг хичээдэг.

🌞 Бид бүгд үр хүүхдүүддээ хайртай ч, чухам зөв хайрлаж байнуу гэдгээ түр завсарлаад анзаарч байх нь чухал юм.

13/08/2026

“Би энэ мэдрэмжээ л эргээд хайж явсан юм байна…”

Манай хөтөлбөрт оролцож байсан нэгэн ээжийн түүхээс хуваалцъя.
Мэдээж хүний хувийн мэдээллийг хамгаалах үүднээс зарим хэсгийг өөрчилсөн болно.

Тэр хоёр хүүтэй, гэр бүлтэй, ажил амьдралаа авч явдаг, гаднаас нь харахад бүх зүйлээ сайн зохицуулчихсан эмэгтэй.

Сайн ээж байхыг хичээнэ.
Сайн эхнэр байхыг хичээнэ.
Ажил дээрээ ч хариуцлагатай.

Гэхдээ ярилцлагын үеэр нэг зүйл аажмаар анзаарагддаг байлаа.

Тэр бусдад таалагдах, үнэлэгдэхийн тулд маш их хичээдэг юм шиг.

Ялангуяа нөхөртөө сайн эхнэр гэдгээ мэдрүүлэх, түүний үнэлэмжийг авах нь түүнд маш чухал мэт санагдана.

Гэтэл өөрийнхөө тухай ярихаараа:

“Яагаад ч юм өөртөө итгэлгүй байдаг.”
“Заримдаа амьдрал нэг л утгагүй санагддаг.”
“Би яг юу хүсдэгээ ч мэдэхгүй үе байдаг.”

гэдэг байлаа.

Манай хөтөлбөрийн үеэр бид хүүхэд насныхаа тухай ярилцдаг.

Аз жаргалтай дурсамж.
Гомдолтой дурсамж.
Ичсэн үе.
Айсан үе.
Хэзээ ч мартагддаггүй жижигхэн мөчүүд…

Хэд хэдэн уулзалтын дараа тэр нэг дурсамжаа ярив.

Бага байхад нь аав, ээж, эмээ, өвөө нь:

“Манай охин мундаг шүү.”
“Ямар сайн хүүхэд вэ.”

гэж магтдаг байжээ.

Тэр үгийг сонсох болгондоо маш их баярлана.

Хөөрөөд л тэднийхээ өмнө дуулна.
Бүжиглэнэ.
Өөрийнхөө чаддаг бүхнийг үзүүлнэ.

Тэгээд хэсэг чимээгүй сууснаа:

“Би тэр мэдрэмжээ л эргээд хайж явсан юм байна шүү дээ…”

гэж хэлсэн юм.

Тэр үед яригдсан зүйл нь “магтаал муу” гэсэн үг огт биш.

Харин хүүхэд байхдаа бидний мэдэрсэн:

“Намайг харж байна.”
“Надаар бахархаж байна.”
“Би үнэ цэнтэй юм байна.”

гэсэн мэдрэмж заримдаа том болсон хойно ч бидний дотор маш хүчтэй үлддэг.

Тэгээд өөрөө ч анзааралгүй:

илүү сайн ажиллавал…
илүү сайн эхнэр байвал…
илүү сайн ээж байвал…
бусдад хэрэгтэй хүн байвал…

“Намайг хайрлах болов уу?
Намайг үнэлэх болов уу?
Надаар бахархах болов уу?”

гэдэг хариуг хайж явах үе бий.

Заримдаа бидний өнөөдрийн хэт их хичээлтийн цаана
өнөөдрийн хэрэгцээ биш,

олон жилийн өмнөх нэгэн бяцхан хүүхдийн мэдрэмж байж байдаг.

Өөрийгөө ойлгох гэдэг өнгөрснийг буруутгах тухай биш.

Харин:

“Би яагаад ингэж их хичээгээд байдаг юм бол?”
“Би хэний үнэлэмжийг хүлээгээд байна?”
“Би өөрийгөө үнэ цэнтэй гэж мэдрэхийн тулд заавал ямар нэгэн зүйл хийж харуулах ёстой юу?”

гэж өөрөөсөө зөөлөн асууж сурах тухай.

Магадгүй бидний доторх тэр бяцхан хүүхдэд өнөөдөр хамгийн их хэрэгтэй үг нь:

“Чи ямар нэгэн зүйл хийж харуулахгүй байсан ч үнэ цэнтэй.
Чамайг харж байна.
Чи байгаагаараа хангалттай.” 💛

#Тойрогхөтөлбөр #хүүхдийнхүмүүжил #ээнэгшихүй #олонулсынхөтөлбөр #хамгаалуулсанмэдрэмж

🐨Манай төв жилийн туршид хийх сургалтуудын хуваарь болон үнийн мэдээлэлтэй танилцана уу. Бид сургалтуудын үр өгөөж болон...
12/08/2026

🐨Манай төв жилийн туршид хийх сургалтуудын хуваарь болон үнийн мэдээлэлтэй танилцана уу. Бид сургалтуудын үр өгөөж болон бүтээлч байдал, хүүхэд бүрт хүрч ажилладаг чанараа улам сайжруулан ажилласаар байна.

🧐Урьдчилсан бүртгэлд бүртгүүлснээр тухайн хичээл эхлэх үед тантай холбогдон сануулах болно.

🥰Одоогийн байдлаар 9-р сарын Бүтээлч номын клуб болон 11-р сараас эхлэх Сургуульд бэлтгэх буюу сургуулийн шалгалтад бэлтгэх хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлийг авч байна.

10/08/2026

Хэлтэрхий гурвалжин дүрсийн өнцөг булангууд нь өнхөрч урагшлахад нь асуудал болж байлаа. Харин Том “О” дүрс болохын тулд хэрхэх ёстойг тэр олж мэдсэнээр энэ хүнд асуудал шийдэгддэг. Энэ зам мэдээж амар байгаагүй ч тэр бууж өгөөгүй.

📖 БҮТЭЭЛЧ НОМЫН КЛУБ
⏰Зуны ангийн хуваарь:
🌼08/05-08/31 хүртэл нийт 12 удаа 3 цагаар хичээллэнэ.
🌞Даваа, лхагва, баасан
10:00-13:00 3-6 нас
14:00-17:00 7-10 нас

🍀 Төлбөрийн мэдээлэл:
12 удаа 540,000₮
8 удаа 360,000₮
4 удаа 200,000₮

🍀Хөнгөлөлтийн нөхцөл:
👉 Өмнө нь манай сургалт, арга хэмжээнд оролцож байсан бол
👉 Нэг айлын 2 хүүхдийн нэг нь
Зөвхөн 12 удаагийн хичээлд 10% хөнгөлөлт үзүүлнэ.

👉БАЙРШИЛ: Хан- Уул дүүрэг Гэрлүг Виста 5808 байр 2 давхарт 203 тоот (гаднаасаа 203 гэж дуудлага хийгээд дотроосоо онгойж лифт ажиллана)

👉 Утас: 89006800, 89102748

Сар яагаад хүүхдийг аваад явдаг гэж ярьдаг болсон юм бол?Энэ удаагийн бүтээлч номын клубээрээ бид монгол ардын “Сар аваа...
06/08/2026

Сар яагаад хүүхдийг аваад явдаг гэж ярьдаг болсон юм бол?

Энэ удаагийн бүтээлч номын клубээрээ бид монгол ардын “Сар аваад явна гэхийн учир” домгоос сэдэвлэсэн Б.Нанжид, Б.Энх-Оюун нарын “Сарны үлгэр” зурагт номыг уншлаа.

Голын эрэг дээр тоглосоор орой болсныг анзаараагүй бяцхан хүү тэнгэрт мандсан сартай учирна. Хүүхдүүд үлгэрийн үйл явдлыг анхааралтай сонсож, хүүгийн мэдэрсэн айдас, гайхшрал, ганцаардлын талаар ярилцан, “Түүний оронд байсан бол би яах байсан бол?” хэмээн төсөөллөө хуваалцлаа.

Үлгэр бол зөвхөн сонсох түүх биш.
Үлгэрээр дамжуулан хүүхэд мэдрэмжээ таньж, өөрийн сонголтын үр дагаврыг ойлгож, бусдын байр сууринаас бодож сурдаг.

Монгол үлгэрээ сонсож, төсөөллөөрөө аялж,
мэдрэмжээ хуваалцсан бүтээлч номын өдөр байлаа.

Koala Family Center – Хүүхэд бүрд аюулгүй, дулаан орон зай.

“Хүний харилцаа, мөн нэг харилцаа нөгөө харилцаанд хэрхэн нөлөөлдөг нь эрүүл хөгжлийн суурь юм.”Хүүхдийн хөгжил зөвхөн т...
04/08/2026

“Хүний харилцаа, мөн нэг харилцаа нөгөө харилцаанд хэрхэн нөлөөлдөг нь эрүүл хөгжлийн суурь юм.”

Хүүхдийн хөгжил зөвхөн төрөлхийн чадвар, тоглоом, сургалт эсвэл хичээлээр бүтдэггүй.
Хүүхэд өөрийг нь харж, сонсож, тайвшруулж, хамгаалдаг хүмүүсийн харилцаан дунд өөрийн тархи, сэтгэл хөдлөл, өөртөө итгэх итгэлээ хөгжүүлдэг.

Ээж, аавын хоорондын харилцаа,
эцэг эх ба багшийн хамтын ажиллагаа,
томчууд хүүхэдтэй хэрхэн харилцаж байгаа нь хүртэл хүүхдийн дотоод ертөнцөд нөлөөлнө.

Тиймээс хүүхдийн төлөө хийх хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын нэг бол түүний эргэн тойронд аюулгүй, халамжтай, хүндэтгэлтэй харилцааг бий болгох явдал юм.

Хүүхдийг ганцааранг нь хөгжүүлэх боломжгүй.
Хүүхдийг хүрээлж буй харилцааг дэмжих үед хүүхэд эрүүл хөгждөг.

From Neurons to Neighborhoods: The Science of Early Childhood Development номоос. Энэхүү бүтээлийг National Research Council болон Institute of Medicine 2000 онд хэвлүүлсэн бөгөөд дээрх өгүүлбэр номын удиртгал хэсэгт багтдаг. 

#ХүүхдийнХөгжил #ЭрүүлХарилцаа #ХамгаалуулсанМэдрэмж #ЭцэгЭхийнБоловсрол

Address

47. 898220, 106. 927464
Ulaanbaatar

Opening Hours

09:00 - 16:00

Telephone

+97689006800

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Koala Family Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Koala Family Center:

Shortcuts

Share