30/08/2026
Эмч нарт зориулав.
Резус үл тохироо-Аллоиммунизаци
Хүнд 4 цусны бүлэг байдаг. Цусны бүлгийг 2 аргаар тодорхойлдог. 1-рт АВО бүлэг, (O, А, В, АВ) гэсэн 4 бүлэг бий. 2-рт резус хүчин зүйл гэдэг нь хүний улаан эсийн гадаргуу дээр байрлах антиген (өвөрмөц уураг) юм. Анх 1937 онд резус сөрөг цусны бүлгийг нээж, 1946 онд резус эсрэгтөрөгчийн D, C/c, E/e гэсэн 3 том генийг илрүүлсэн. Нийт хүн амын дийлэнх нь (85%) резус С, D, E антиген агуулсан байдаг бол 15 хувь антиген байдаггүй үүнийг резус сөрөг цус гэнэ. Одоогоор хүний улаан эсийн гадаргуу дээр агуулагдаж байгаа 270 гаруй эсрэгтөрөгчийг нээгээд байна. ОУ-н Цус Сэлбэлтийн Нийгэмлэгээс (International Society Blood Transfusion) 26 бүлэг болгон ангилсан байдаг. Резус бүлэгт 50 гаруй эсрэгтөрөгч байдгаас эх барихын салбарт С, с, D, E, e эсрэгтөрөгч чухал үүрэгтэй.
Жирэмсэн үеийн аллоиммунизаци гэдэг нь ургийн улаан эс эсвэл ялтас эсийн эсрэгтөрөгч (антиген)-ийн эсрэг эхийн биемахбодиос ялгарах эсрэг бие (антитело) үүсэлтээр тодорхойлогдоно. Ургийн улаан эсийн аль нэгэн эсрэгтөрөгч эхийн цусны урсгалд нэвтрэн ормогц эхэд түүний эсрэг эсрэгбие үүсэхийг үл тохироо гэнэ. Улаан эсийн эсрэгтөрөгчийн эсрэг эсрэг бие үүсэх дархлааны урвал (үл тохироо) 10000 амьд төрөлтөнд 25 орчим тохиолдож, ихэнхи нь резус D эсрэгтөрөгчийн эсрэг эсрэгбие үүснэ.
Удамшлын байдлаас хамааран жирэмсэн үед резусын мэдрэгжих байдал өөр өөр байна. RhD эерэг нөхөртэй жирэмсний зөвхөн 50%-д л эсрэг бие үүснэ, хэрэв нөхөр RhD сөрөг бол эсрэг бие үүсэхгүй.
Резус тогтолцооны хямрал нь хамгийн түгээмэл тохиолддог цус задрах эмгэгийн нэг шалтгаан юм.
Резус үл тохироо үүсэх шалтгаан:
Резус тогтолцоо нь нэг хромосомын дотор зэрэгцэн орших хоёр генээр кодлогддог. Нэг ген эсрэгбиеийн С/с ба Е/е полипептидыг резус эсрэг биеийн D полипептидыг тус тус кодлоно. Жижиг d болон сөрөг "D" эсрэг биетүүд хамт тодорхойлогдох ёсгүй. Том "С" эсрэгбиеийн аллель нь жижиг "с", том "Е" эсрэг биеийн аллель нь жижиг "е" юм. Эсрэг биеийн илрэл ихэвчлэн доминант байх ба эдгээр сөрөг фенотипийн хүлээн авагч аллелийн нэг нь гомозигот эсвэл ген нь алга болсон байдаг. Практикт зөвхөн "анти-D" ба "анти-с" ураг нярайд цус задрах эмгэг үүсгэдгийг тогтоогоод байна. Анти-D нь хамгийн элбэг тохиолдоно.
Шалтгаан:
Ураг нярайн цус задрах эмгэг нь резус үл тохирооны үр дүнд үүсдэг ба 3 үе шаттаар явагдана.
1.Резус сөрөг эх, эцгээс удамшсан резус эерэг фенотиптой урагтай байх.
2.Ургийн эсүүд хариу урвал өгөхүйц хэмжээгээр эхийн цусны эргэлтэнд орох.
3.Эхийн эсрэг бие ихсээг дамжин, ургийн улаан эсийн дархлааг хямраах шалтгаан болно. Резусын хүчин зүйлийн эмгэг эхний жирэмслэлтэнд сөргөөр нөлөөлдөггүй ба анхдагч хариу урвал ихэвчлэн сул IgM эсрэг биеэр явагдана. Харин ихсээр дамждаггүй. Цаашид IgG эсрэг биеүд ялгарч эдгээр нь ихсээр дамждаг. Резус эсрэг биеүд жирэмсний 30 долоо хоногтойд сайн илэрнэ.
Эхээс ургийн цусны эргэлтэнд IgG эсрэг биеүүд дамжихад дахин мэдрэгшлийн урвал явагддаг. Эдгээр эсрэг биетүүдийн тоо хэмжээ их байх нь ургийн цус задрах эмгэг үүсгэх магадлалыг нэмэгдүүлнэ. Ийм тохиолдолд цус сэлбэхгүй бол ураг хүнд хэлбэрийн цус багадлын улмаас эндэж болно. Иймээс резус сөрөг үед эсрэг биеийг хянаж эрсдлийг үнэлнэ.
Бүх резус сөрөг цустай эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх байдлаар 1960 оноос D эсрэгтөрөгчийн эсрэг иммуноглобулиныг (Rhogam) хэрэглэж эхэлсэн.
Ингэснээр резус сөрөг цустай бүх жирэмсэн эмэгтэйчүүдийн зөвхөн 0,1-0,2%-д резус D эсрэгтөрөгчийн эсрэг эсрэг бие үүссэнтэй холбоотой хүндрэл үүсч байна. Гэвч резус D үл тохирооны хүндрэл одоо ч эмч мэргэжилтнүүдийн санааг зовоосон эх барихын хүндрэлтэй асуудлуудын нэг хэвээр байна. Энэ нь анти-D иммуноглобулиныг удирдамжын дагуу хийхгүй байгаа мөн нөгөө талаас анти-D иммуноглобулиныг хийхээс өмнө мэдрэгшил аль эрт үүссэн байх шалтгаануудтай холбоотой байна.
Резус эмгэгт өртөмтгий болгох нөхцөл:
-зулбалт
-жирэмслэлтийг таслах
-төрөхийн өмнөх цусалдалт
-пренатал оношлогоо (ихсийн хорионыг шинжлэх, амниоцентез ба кордоцентез)
-төрөлт
Иммуноглобулин
Анти-D иммуноглобулин нь IgG анти-D (анти-Rh) агуулсан, хүний сийвэнгээс гаргаж авсан ариун уусмал. Энэ бүтээгдэхүүнийг RhD эерэг улаан эсийн эсрэг биеийн өндөр титртэй сийвэнгийн холимгоос бэлдэнэ. Нэг удаагийн 300 мкг тун нь (1мкг=5 ОУН) 15 мл RhD эерэг улаан эсэд, 30 мл RhD эерэг ургийн бүхэл цус үүссэн дархлааны хариу урвалыг дарангуйлахад хангалттай анти-D агуулдаг.
Ихэнх Анти-D иммуноглобулиныг үйлдвэрлэх явц (Cohn - ы хүйтэн этанолын фракцжуулалт дараа нь вирүс цэвэрлэх ультрафильтраци) А ба С гепатит, парвовирүс В12 , ХДХВ үзэх зэрэг вирүсийн хэсгүүдийг зайлуулах өндөр идэвхтэй. Энэ аргаар үйлдвэрлэсэн Анти-D иммуноглобулиныг (HyperRhoS / D , RhoGAM , BayRho ) булчинд тарьж хэрэглэх ёстой. Судсаар тарьсан тохиолдолд бүтээгдэхүүн дэх IgA болон сийвэнгийн бусад уургийн үл мэдэг үлдэгдлүүд анафилакси үүсгэж болно . Харин ион солилцооны хромотографийн изоляциар бэлтгэсэн Анти-D иммуноглобулин (Rhophy lac , WinRho SDF ) илүү цэвэр, булчинд болон судсанд тарьж болно. Булчинд болон судсанд тарих бэлдмэлүүд адилхан үр дүнтэй. Зөвхөн IgG агуулсан бэлдмэлийг судсанд, IgA хамт агуулсан байвал зөвхөн булчинд тарина . Иммуноглобулин нь зөвхөн резус сөрөг цустай , эсрэгбие үүсээгүй эмэгтэйчүүдэд зориулагдсан .
Резус эерэг болон резус сөрөг цустай мэдрэгшсэн эмэгтэйчүүдэд хийхгүй . Урьдчилан сэргийлэх зорилгоор :
- Жирэмсний хугацаа 12 долоо хоногоос бага үед 50 мкг - аар булчинд
- Жирэмсний хугацаа 12 долоо хоногоос дээш үед 300 мкг - аар булчинд
- Төрсөн нярай нь резус эерэг цустай сэргийлэлт хийгдээгүй бол төрсний дараа 300мкг булчинд тарина . Иммуноглобулиний стандарт тун нь 300 мкг .
Иммуноглобулины 10 мкг бүр нь ургийн 1мл цусыг , стандарт тун нь эхийн цусны эргэлтэнд орсон ургийн 30 мл цусыг “саармагжуулж” хамгаалахад хангалттай гэж тооцдог .
Иммуноглобулин тарих заалт :
- Жирэмсний эхний 3 сартайд аяндаа зулбасан эсвэл үр хөндүүлсэн
- Умайн гадуурх жирэмсэн
- Амниоцентез , хорионбиопси , кордоцентез ажилбар хийсэн
- Цулцан хураа
- Жирэмсний 2 ба 3 - р гурван сард цус алдах
- Эх ургийн цус холилдсон хэмээн сэжиглэсэн үед ураг эх дотроо эндэх
- Ургийн гадна эргүүлэг
- Хэвлийн гэмтэл
- Кесар хагалгаа
- Ихэс гардсан
- Ихэс түрүүлэлт , цус гарч ихэс ховхорсон
- Жирэмсний эхний 3 сартайд үтрээгээр цус гарах