27/08/2026
АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГ ӨМӨЗО-НЫ ХӨХ ХОТЫН АРДЫН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын эмнэлгийн төлөөлөгчид 2026.08.26-ы өдөр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт зочилж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтад Хөх хотын Ардын эмнэлгийн зүгээс эмнэлгийн дэд захирал Шү Юн Шэн тэргүүтэй мэдрэл-судас, нүд болон цээжний хөндийн мэс засал, мэдээгүйжүүлгийн нарийн мэргэжлийн эмч нар; АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн зүгээс эмнэлгийн захирал П.Баясгалан болон бусад удирдах албан тушаалтнууд, эмч, сувилахуй, эм зүйн мэргэжилтнүүд оролцов.
Арга хэмжээний хүрээнд зочид төлөөлөгчид эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд мэдрэл-судас, нүдний мэс засал, мэдээгүйжүүлэг, сувилахуй болон эм зүйн чиглэлээр жижиг бүлгийн уулзалт зохион байгууллаа. Эдгээр уулзалтаар талууд эмнэлзүйн туршлага солилцох, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, харилцан өвчтөн илгээх зэрэг хамтын ажиллагааны нарийвчилсан асуудлуудыг хэлэлцсэн юм.
Хөх хотын Ардын эмнэлгийн төлөөлөгчид Монгол-Японы эмнэлгийн орчин нөхцөл, үйл ажиллагааг өндрөөр үнэлж, энэхүү уулзалт нь хоёр тал харилцан туршлага судалж, бие биеэсээ суралцах үр өгөөжтэй түншлэлийн эхлэл болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Дашрамд дурдахад, ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын эмнэлэг нь 80 жилийн түүхтэй, 3000 гаруй ортой, 5000 орчим эмч, албан хаагчтай тус бүс нутгийн хамгийн том төрөлжсөн эмнэлэг юм.
Энэхүү арга хэмжээ нь хоёр эмнэлгийн хооронд урт хугацааны, тогтвортой харилцааны үндэс суурийг тавьж, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц боллоо.