19/08/2026
Чамд заавал гоц гойд ур чадвар хэрэггүй, чамд сахилга бат, тууштай байдал хэрэгтэй. Зан чанарыг ч мөн төлөвшүүлж болдог.
Бид амжилттай яваа хүнийг хараад:
Тэр угаасаа авьяастай
Тэр төрөлхийн сэргэлэн
Надад тийм чадвар байхгүй
гэж бодох нь амархан.
Ингэж бодохоор нэг талаар тайвширдаг. Яагаад гэвэл амжилтыг төрөлхийн өгөгдөлтэй холбочихвол өөрөөсөө хариуцлага нэхэх шаардлагагүй болчихно.
Гэтэл амьдрал дээр хүнийг хол авч явдаг зүйл нь дандаа гоц гойд авьяас байдаггүй.
Сахилга бат🔃
Тууштай байдал🏃
Хариуцлага🤝
Тэвчээр💪
Амласнаа хийх зан🫡
Унасан ч эргээд босох чадвар🫠😶🌫️🤩
Эдгээр нь төрөлхийн байх албагүй Төлөвшүүлж болдог зан чанарууд
Жишээ нь, хоёр хүн англи хэл сурч эхэллээ гэж бодъё.
Нэг нь хэлний авьяастай. Шинэ үгийг хурдан тогтоодог, дуудлага сайн. Гэхдээ дуртай үедээ л хичээллэнэ.
Нөгөө нь онцгой авьяасгүй. Шинэ үгээ хэд хэд давтаж байж тогтооно. Гэхдээ өдөр бүр 30 минут суудаг.
Нэг сарын дараа эхний хүн илүү сайн хэвээрээ байж болно.
Харин хоёр жилийн дараа?
Өдөр бүрийн 30 минут хуримтлагдсаар асар том ялгаа үүсгэнэ.
Ажил дээр ч адилхан
Маш ухаалаг, бүтээлч хэрнээ хугацаандаа ажлаа өгдөггүй, чаддагтаа хэт барддаг, харилцаа хандлага дутуу хүн байж болно. Харин түүнээс даруухан чадвартай ч цагтаа ирдэг, хэлсэндээ хүрдэг, эхэлснээ дуусгадаг хүн хэдэн жилийн дараа илүү их итгэл хүлээсэн, илүү том хариуцлага үүрдэг хүн болсон байдаг.
Амжилттай бизнесмен
Гайхалтай санаа гаргах хүн олон.
Харин тэр санаагаа хоёр, гурван жил уйдахгүй хөгжүүлж чадах хүн цөөн. Алдаж онож, ахиж босч ирэхгүй юм шиг санагдах уналтыг бүгд амссан байдаг. Бизнесдээ ганцаардаж, сар бүр заримдаа өдөр бүр болимоор санагдсан ч тэд үргэлжлүүлсэн. Хүмүүс унтаж байхад тэд ажиллаж байсан.
Булчилаг өв тэгш бие
Нэг өдөр таван цаг дасгал хийснээр бие өөрчлөгдөхгүй. Харин долоо хоног бүр тогтмол хөдөлж, хооллолтоо анхаарч, зөв дадлаар хооллож, амттан алкохолоос татгалзаж, хэдэн сар үргэлжлүүлэхэд өөрчлөлт гарна. Тэд амарч хэвтэх, наргиж зугаалахын оронд сахилга бат дэглэмифг сонгосон
Үзэсгэлэнтэй байх ч ялгаагүй
Хүн бүр ижил төрхтэй төрөхгүй. Гэхдээ өөртөө зохисон үс засалт, хувцаслалт, биеэ авч явах байдал, арьс биеэ арчлах дадал, зөв алхаа гишгээ, харц, инээмсэглэл гээд хүний сэтгэл татам байдлын маш олон хэсгийг хөгжүүлж болдог. Бид “төрөлхийн үзэсгэлэнтэй” гэж хардаг хүний цаана өөрийгөө олон жил таньсан, өөртөө юу зохидгийг мэддэг, өөртөө анхаарал тавьдаг, байгаа өгөгдлөө хайрлан хөгжүүлдэг дадал байдаг.
Бусдад таалагддаг, эерэг хүн байх ч ялгаагүй
Хүн бүр төрөлхийн нийтэч, хөгжилтэй байх албагүй. Гэхдээ бусдыг анхааралтай сонсох, нэрийг нь санах, талархлаа илэрхийлэх, магтахдаа чин сэтгэлээсээ магтах, хүнийг ярьж байхад нь таслахгүй байх, уулзахдаа инээмсэглэх, өөрийн бухимдлыг бусдад асгахгүй байхыг сурч болно. Ингээд олон жил давтаад ирэхээр хүмүүс түүнийг “угаасаа их эерэг хүн”, “хүмүүстэй сайхан харилцдаг хүн” гэж тодорхойлж эхэлдэг.
Өөртөө итгэлтэй хүн
Өөртөө итгэлтэй хүн айдаггүйдээ биш, айсан үедээ ч өөрийгөө анзаарч, айдсаа удирдаж, зогсмоор, зугтаамаар байсан ч өөрөө өөрийгөө зоригжуулж, айсан, болгоомжилсон мэдрэмж дундуураа алхаж сурсан байдаг. Тэд өөрийн бодолдоо үнэнч, өөртөө үнэнч байж, хязгаарыг нь давсан зүйлд “үгүй” гэж хэлж, хил хязгаараа хамгаалж, алдсан бол алдаагаа бусдад нялзаалгүй өөрөө дааж сурсан жижиг үйлдлүүд нь яваандаа өөртөө итгэлтэй зан чанар болдог.
Ухаалаг харагдах ч ялгаагүй
Бүхнийг мэддэг байх шаардлагагүй. Уншдаг, асуудаг, сонсдог, мэдэхгүй зүйлээ “мэдэхгүй” гэж хэлж чаддаг, аливааг шууд дүгнэхээсээ өмнө боддог дадал хүнийг аажмаар илүү боловсорсон хүн болгодог. Тэд мэдээллийг дамжуулах гэж яардаггүй, боловсруулаж өөртөө шингээж, шүүллтүүртэй хандахыг сурсан байдаг.
Тэгэхээр бидний бусдад харагддаг олон чанар “төрөлхийн өгөгдөл” биш, олон жилийн жижиг дадлын нийлбэр байдаг гэдгийг мэдлээ.
Өнөөдөр чамд байхгүй байгаа чанар болгон “надад заяагаагүй” гэсэн үг биш. Заримыг нь чи зүгээр л хараахан хангалттай олон удаа давтаагүй байгаад л байна.
Энд нэг чухал зүйл бий.
Сахилга бат гэдэг зөвхөн ажлаа хийдэг болох тухай биш. Хийж чадахгүй юм шиг санагдах сорилт бүхнээс суралцсан түүхүүдийн цуглуулга юм.
Хариуцлагатай хүн болж төрдөггүй.
Хариуцлага хүлээх бүрдээ хариуцлагатай болдог.
Өөртөө итгэлтэй хүн болж төрдөггүй.
Айсан ч хийх ёстой зүйлээ хийсээр өөртөө итгэж эхэлдэг.
Тэвчээртэй хүн болж төрдөггүй.
Шууд үр дүн харагдахгүй үед ч үргэлжлүүлсээр тэвчээртэй болдог.
Зарчимтай хүн ч нэг өглөө сэрээд зарчимтай болчихдоггүй. Өөрт ашиггүй байсан ч үнэт зүйлдээ нийцсэн сонголтыг дахин дахин хийсээр зарчим нь зан чанар болдог.
Тиймээс өөрийгөө "Би угаасаа ийм хүн" гэж хэтэрхий эрт тодорхойлох хэрэггүй.
Би залхуу.
Би тууштай биш.
Би эмх цэгцгүй.
Би өөртөө итгэлгүй.
Эдгээр нь таны мөн чанар биш. Зүгээр л олон жил давтагдсан өөртөө хэлдэг, бусдын танд тэгэж хэлсэн дотоод дуу хоолойны дадал юм.
Муу бодол дадал давталтаар бий болсон шиг шинэ дадал ч давталтаар өөрчлөгдөж болдог.
Амьдралд хүн бүр суут байх шаардлагагүй.
Заримдаа бусдаас арай илүү тэвчээртэй байх,
арай удаан бууж өгөхгүй байх, хийх ёстой зүйлээ сэтгэл хөдөлсөн үедээ биш хийх ёстой үед нь хийх хангалттай байдаг.
Чамд заавал гоц гойд ур чадвар хэрэггүй.
Чамд өөртөө өгсөн амлалтаа биелүүлдэг зан хэрэгтэй.
Учир нь ур чадварыг сурч болно.
Дадлыг өөрчилж болно.
Зан чанарыг ч төлөвшүүлж болно.
Харин өдөр бүрийн жижиг сонголтууд эцэстээ
чи юу чаддагийг төдийгүй, чи хэн болохыг бүтээдэг.
Өөрийгөө илүү гүн таньж, хуучин шарх, давтагддаг хэв маягаа ойлгож, хувь хүний хөгжил ба дотоод эдгэрэл дээрээ системтэй ажиллахыг хүсвэл миний цогц онлайн сургалтад нэгдэх боломжтой 💁
Харин нийтлэл танд таалагдсан бол БАЯРЛАЛАА гэх ганцхан үгийг сэтгэгдэлд үлдээгээрэй 🌸
Таны бичсэн тэр ганцхан үг энэ нийтлэлийг бодож, бичиж боловсруулахад зарцуулсан миний цаг хугацаа, хөдөлмөрийг үнэлж буй хамгийн энгийн атлаа сайхан илэрхийлэл байх болно 🤍
Сэтгэл зүйч Ж.Үйлст 🌸🩷