19/04/2025
📚 Номын тэмдэглэл: Морритой өнгөрүүлсэн мягмар гаргууд
Зохиолч: Митч Альбом
Митч Альбомын “Морритой өнгөрүүлсэн мягмар гариг” бол амьдрал, үхэл, хайр, уучлал, дурсамж, утга учрын тухай ном. Унших бүртээ сэтгэлээ, бодлоо гүнзгийрүүлж, өөрийнхөө амьдралыг нэг алхам ухрааж хармаар санагдсан. Энэ номыг хүн бүр уншаад, дотогшоо өнгийж, өөртэйгөө уулзаасай гэж хүсэж байна.
Номын гол дүр — Морри Шварц, Митчийн коллежийн багш. Тэр булчин задрах өвчний улмаас бие махбодын хувьд доройтсон ч, сэтгэл оюун, амьдралыг хайрлах хандлага нь улам гүнзгийрсээр байсан. Морри долоо хоног бүрийн мягмар гарагт Митчид амьдралын тухай "хичээл" заасан. Эдгээр хичээлүүд нь үнэн хэрэгтээ хүн болж төрсний утга учрыг тунгаах аялал байлаа.
Надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн санаа бол:
"Бид харж байгаадаа бус, мэдэрч байгаадаа итгэх хэрэгтэй."
Энгийн боловч асар гүн гүнзгий утга агуулгатай. Бид ихэвчлэн харагдаж буй зүйлд дүгнэлт хийж, гаднах дүр төрхөд анхаарч амьдардаг. Гэтэл амьдралын утга учир бидний дотоод мэдрэмж, сэтгэл зүрхэнд оршдог юм байна.
Морригийн ухаалаг, хайр дүүрэн, амгалан байдал нь надад амьдралыг илүү мэдрэх, бусдад сэтгэлээ нээх, өөртөө илүү үнэнч амьдрах хэрэгтэйг сануулсан. Тэр зөвхөн үнэнийг хэлээгүй, харин өөрийн амьдралаараа, биеэрээ мэдэрч, дамжуулж байсан нь л хамгийн үнэ цэнтэй.
"Хайр бол үйлдэл" гэж хэлсэн нь миний хувьд шинэлэг, гэгээлэг ухаарал байлаа. Урьд нь хайр зөвхөн мэдрэмж юм шиг санагддаг байсан бол, үйлдэл гэж харах нь илүү бодит, илүү утга учиртай мэт. Хайрыг бид өгч сурах ёстой, бас авч сурах хэрэгтэй энэ хоёр бол амьдралдаа тасралтгүй үйлдэх зүйл.
Бас нэг гүн сэтгэл хөдлөл төрүүлсэн нь:
Хүн үхлээс бус, мартагдахаас хамгийн их айдаг юм байна.
Бид бүгд хэн нэгний дурсамжид амьдрахыг, онцгой харилцаанд дурсагдахыг хүсдэг. Морри Митчийн амьдралд “мягмар гаригийн хүн” болон дурсагдаж үлдсэн шиг. Заримдаа хүн амьд байгаа хэр нь хэнд ч анзаарагдахгүй, хэнд ч дурсагдахгүй байх мэдрэмжид автах нь бий. Энэ бол зүгээр нэг ганцаардал биш. Энэ бол оршихуйгаа үгүйсгэмээр харанхуй мэдрэмж төрүүлдэг. Үнэхээр л үхлээс айхаасаа илүүтэйгээр, оршин байгаагаа хэн нэгэнд мэдрүүлж чадахгүй байх нь биднийг “өөрийн амьдралаас зугтах” бодол руу хөтөлдөг юм билээ. Энэ ном надад амьдрал болон үхлийг шинэ өнцгөөс, илүү гүн мэдрэмжээр харах боломж өгсөн.
Тэгээд би өөртөө хэлсэн:
“Завтай цагтаа бус, зав гаргаж бусдыг дурсаарай.” Энэ бол миний хувьд хайрлаж байгаа хүмүүсээ дотроосоо тэвэрч байгаа нэг хэлбэр.
Номын төгсгөл гунигтай байсан ч зугтах биш тэврэх мэт таатай гуниг амгалан, зөөлөн, гэрэлтэй гуниг байв. Амьдралын үнэнтэй эвлэрч, өөрийгөө илүү ухаарч, бусдыг илүү үнэлж амьдрах ухаан энэ номоос хүчтэй мэдрэгдсэн.🥰