28/07/2022
Сайн байцгаана уу?
Та нартаа, ялангуяа жор харж бүтээгдэхүүн хийх сонирхолтой хүмүүстээ амин тосны шингэлэх хувийн талаар хэлж өгье.
Би анх интернэтээс жорууд харж байхад 1%, 2%, ...5% гэсэн байхыг хараад юуны хувь юм бол гэж боддог байсан.
Энэ хувиуд яаж гарч ирж байна вэ? 🧐
1мл = 20 дусал амин тос. Эндээс 1oz = 30мл = 600дусал.
Тэгэхээр 30мл бүтээгдэхүүн хийхэд 1% -иар шингэлнэ гэсэн байвал 600дусал х 1% = 6 дусал буюу 30 мл бүрт амин тосноосоо 6 дуслыг хийх нь байна.
3% шингэлнэ гэвэл 600 х 3% = 18 буюу тухайн хийж байгаа 30 мл бүтээгдэхүүндээ 18 дусал амин тос хийнэ гэсэн үг. 60 мл гэвэл 18 х 2= 36 дусал болно.
1% (30мл-т 5-6дусал)- бага насны хүүхэд, настай хүн, жирэмсэн, эмзэг арьстай хүмүүс, амин тос анхлан хэрэглэгч, нүүрэнд түрхэх бүтээгдэхүүн хийж байгаа бол
2% (30мл-т 10-12 дусал) - гоо сайхны бүтээгдэхүүн, массажны тос зэрэг өдөр тутам хэрэглэх бүтээгдэхүүн, сэтгэл санааны холимог хийхэд
3%-10% (30мл-т 15-18 дусал-3%, 50-60 дусал-10%) - хэсэг газарт хэрэглэхэд. Үе, булчин шөрмөс өвдөлт намдах, ханиад томуунд цээжний түрхлэг хийхэд. Тухайн хүний нас, онцлогоос % хамаарна.
Шингэлэхгүй шууд хэрэглэх тохиолдлууд байх ба биеийн багахан хэсэгт, богино хугацаанд хэрэглэх үед, жишээ нь цочмог толгой өвдөх, зөгий шавьжинд хазуулах, өнгөц зүсэгдэх, түлэгдэх гэх мэт.
Ямар ч бүтээгдэхүүн хийгээд, хэрэглэх хүний гарын шууны арьсанд тест хийж түрхээд, хэсэг хүлээгээрэй. Арьс цочрох, эмзэгших зүйлгүй бол цаашид хэрэглэж болно.
Амин тосыг их л хийвэл сайн гэсэн ойлголт байхгүй. Амин тосны 1 дуслын асар их хүч чадлыг үнэлэх хэрэгтэй. Ингэснээр амин тосоо ч хайрлаж байгаа, цаашлаад байгаль дэлхийгээ ч хайрлаж байгаа хэрэг! 💚