31/07/2026
ӨР БА ҮЙЛИЙН ҮР
Өрийг барж, бас төлж дуусна. Эцгийн ганц зоос төлөгдөж байж авсан өгсөн хоёрын тооцоо дуусна. Энэ нь тэнцвэрийн хууль юм. Өртэй хүн нас барсан ч өр дуусдаггүй. Амьд ахуйд махан биеэр үйлдсэн шунаг сувдаг сэдэл нь нас нөхцсөний дараа сүнсний өр болж хувирна. Сүнсний өр гэдэг нь энэ насандаа төлж бараагүй үйлийн үрээ үүрч хойд насандаа гэтэлгэхийг хэлж байгаа юм.
Монголчууд ярьдаг, ямар үйлийн үрээрээ чамтай учирваа гэж сэтгэлд нийцгүй хүнийгээ хараадаг, мөн юу ч хийсэн өөдөлдөггүй бахь байдагтаа нэг л янзаараа байдаг айл өрх бий. Эдгээр нь сүнсний өрний нэгэн хэлбэр болой. Сүнсний өрнөөс мултрах арга бий. Хүнд өртэй бол заавал төлж барагдуулах, нас нөхцсөн ч ар гэр нь буяны өргөлөөс төлж барагдуулах, авлагатай хүн бүрлээчээс яаж мөнгө авах вэ гэж санаа зовомгүй нэхэж авах хэрэгтэй. Энэ нь нүгэл биш харин сүнс нь дараагын төрөлөө олоход тусалж буй буян юм шүү. Араасаа нэхэл дагуул болж хэн нэгний харамсах сэтгэлийг тээгээд тэнгэрт дэвшинэ гэдэг боломжгүй. Авлагатай хүн чинь тэнгэрт одсон ч ар гэрт нь буяны өргөл хэмээгээд өгөх ёстой өрөө өгөх учигтай. Амьд, үхсэн аль ч цагт төлөгдөөгүй өр чөтгөрийн барьцаа болдог.
Нэг ийм домог яриа бий:
Говийн ноён хутагтын эцэг нь данжаадаас их хэмжээний зоос ембүү зээлж гэнэ. Өрөө төлж амжаагүй байтал хоёул нас барж гэнэ. Эрлэгт очив. Нүгэл хилэнцийг дэнслэх болж. Тэгтэл хутагтын аав зээл аваагүй гэж мэлзэн, данжаад авсан гэж маргалдав. Сонсож залхсан эрлэг,
- Та хоёрын өгөө авааг гэрчлэх хүн байна уу гэхэд,
-Миний хүү хувилгаан хүн. Худал хэлэх учиргүй. Аавыгаа аваагүйг гэрчлэнэ гэж хүүгээ үнэнг нуун, аавынхаа талд орно гэж итгэн хүүгээ дуудуулав. Эрлэг ч ёсоор болгон улаанбурхан өвчнөөр авчрав. Болсон явдлыг сонсоод хутагт,
-Миний эцэг их хэмжээний зоос авсан нь үнэн болой гэв. Эцэг ч там руу илгээгдэв. Өөрийн аавыг тамд явуулахыг мэдсээр байж үнэнг хэлж байхыг бодвол яалтчгүй шударга хувилгаан хүн байна. Энд байх учиггүй гэж халаглаад, буцаан сүнсийг замба тив рүү илгээв. Өөрийн биедээ орох гэсэн боловч, шавь нар нь халдварт өвчнөөр нас барсан багшийнхаа цогцосыг чандарласан байв. Орох биегүй болсон хувилгаан Хан Баянзүрх хайрхан буюу ( хүслийн хар ууланд ) буун шингэсэн гэх яриа бий.
Өрийг зугтаж биш төлж бардаг гэж хэлсэн дээ үйлийн үр хаалга андуурдаггүй тиймээс амьд ч бай үхсэн ч бай өр төлөгдөөгүй цагт хоёр яс, хоёр сүнс салдаггүй юм.
С.Мөнхжаргал