12/06/2026
Шаргалжуутын рашаан
Монголчууд Шаргалжуутын рашааныг хэдэн мянган жилийн туршид өвчин эмгэгийг анагаахад хэрэглэж иржээ. Шаргалжуутын баян орд нь онцгой сонирхол татсан ундармал олон булаг бүхий байгалийн эмчилгээний гайхамшигт хэрэгсэл бөгөөд хүний бие махбодын эрхтэн систем бүрийг сэргээн засахад зориулагдсан 108 төрлийн халуун рашаантай. Халхын Зая Бандид Лувсанпэрэнлэй гэгээнтэн Шаргалжуутын рашааны судрыг анх удаа зохиожээ. Шаргалжуутын рашаанд Ламын гэгээн, Сайн ноён хан, Хутагт Цэрэндорж зэрэг үе үеийн хаад, ноёд, хутагт нар өвчин эмгэгээ засахаар ирдэг байсан учраас дээдсийн рашаан гэгддэг ч байжээ.
⸻
Шаргалжуутын рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн түвшнээс 2000 метрийн өндөрлөгт, Улаанбаатар хотоос 630 км, Баянхонгор аймгийн төвөөс 60 км зайтай оршдог. Рашааны орд газрын байдал нь Шаргалжуут гол руу түрж орсон Халат толгойн энгэр дэх боржин чулууны ан цаваар оргилон урсах өвөрмөц сонин тогтоцтой байгалийн үзэсгэлэнт унаган төрхийг илтгэн харуулдаг.
Шаргалжуутын бүлэг рашаан нь хүний бие эрхтэн бүрийн хэлбэр дүрс бүхий байгаль өөрөө урлан бүтээсэн хад чулуунаас ундарч гарах анагаах чанараараа хосгүй 100 гаруй төрлийн халуун рашаанаас бүрдэнэ. Шаргалжуутын бүлэг рашаан нь хүний бие эрхтэн систем бүрийг сэргээн засах олон янзын төрөлжүүлэн хэрэглэдэг эрдэсжилт бүтэц найрлагаараа төстэй ч халууны хэмжээ, орчны урвалаараа өөр хоорондоо адилгүй 100 гаруй төрлийн рашаантай. Рашаан булгуудын халууны хэмжээ нь 35–90°C байдаг.
Шаргалжуутын рашааны бүтцэд хүний биед ашигтай макро болон микро элементүүд байдаг ба ялангуяа гормоны болон бодисын солилцоог сайжруулагч олон тооны биогенийн өдөөгч, дотоод шүүрлийн булчирхайн ажиллагааг идэвхжүүлэгч бодис байдаг. Тэдгээр нь нүдэнд үзэгдэхгүй талст хэлбэртэй нимгэн давхаргаар арьсыг бүрхэж, сувиллаас буцсаны дараа ч хэсэг хугацаанд биед үйлчилсээр байдаг.
Мөн арьсны мэдрэхүй сайжирч, цусны судлуудын тонус нэмэгдэн ургал мэдрэлийн цочрол багасдаг. Байгалийн хүчин зүйлийн эмчилгээ нь биеийн эсэргүүцлийг сайжруулж, цусан дахь залгиур эсийн чадварыг нэмэгдүүлэн хэт мэдрэг чанарыг бууруулдаг.
Халуун рашаанд ороход арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож, мэдрэлийн тогтолцоогоор дамжин цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим архаг өвчнийг эмчлэх заалттай. Ер нь халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж, үрэвслийг түргэн татах, үе мөч, булчин, ясны зэрэг архаг өвчнийг засахад илүү тохиромжтой.